Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Жерард Батлер шатсан гэрийнхээ зургийг үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Калифорни муж даяар гурван хэсэг ой хээрийн түймэр шатаж, асар их хэмжээний хохирол учруулаад байна.

Тухайлбал өмнөд Калифорний Малибуг дайрсан түймэр Холливүүдийн оддын эдлэн, үл хөдлөх хөрөнгүүдийг сүйтгэж, их хэмжээний хохирол учруулжээ.

Өчигдөр Шотланд гаралтай жүжигчин Жерард Батлер өөрийн Инстаграм хуудсанд шатсан гэрийнхээ зургийг оруулсан байна. “Нүүлгэн шилжүүлэлтийн дараа Малибу дахь гэртээ ирлээ. Калифорни даяар эмгэнэлтэй цаг үе үргэлжилж байна. Гал сөнөөгчдийн эр зориг, оюун санаа, амиа өгөхөөс буцахгүй байдал урам зориг төрүүлж байна” гэж тэр бичжээ.

Батлер бас гал түймэртэй тэмцэгчдэд тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.

Орландо Блүм, Алисса Милано, Лэди Гага, Райн Уилсон, загвар зохион бүтээгч Донна Каран зэрэг одуудын хөрөнгө түймэрт өртсөн тул тэднийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ.

Тэдний зарим нь байшин барилгаа бүрэн бүтэн байгааг мэдээлсэн бол нөгөө хэсэг нь шатсан эд хөрөнгийнхөө талаар мэдээлсээр байна.

Калифорний мужийн хойд хэсэгт тархсан гал түймэрт 23 хүн амиа алдаж, 100 гаруй хүн сураггүй болоод байгаа юм.

Харин мужийн өмнөд хэсэгт хоёр хүн амиа алдаж, 177 гаруй орон байр шатаад байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт түймэр Малибу руу нэвтрэхэд тэнд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн юм. Энэ бүсэд оршдог Парамонт компанийн “Western Town” нэртэй кино зураг авалтын талбай бүхэлдээ шатаж үгүй болжээ. Уг байгууламж бүр 1927 онд байгуулагдаж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press