Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын Америк цэргүүдийн шарилд хүндэтгэл үзүүлэхээс татгалзаж, Эммануэл Макронтой “муудсан“ өдөр

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн Нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Баасан гарагт Францын нийслэлийг зорьсон билээ.

Бямба гарагт буюу өчигдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон түүнийг Элиссейн ордонд хүлээж авсан юм.

Гэвч энэ удаагийн тэдний уулзалт тийм ч таатай уур амьсгалтай байсангүй. Хэд хоногийн өмнө Макрон хэвлэлд ярихдаа Европчууд нэгдсэн, хүчирхэг армитай болох хэрэгтэй, уг арми нь Орос, Хятад, тэр ч байтугай АНУ-аас ч хамгаалах чадвартай байх ёстой гэж хэлсэн юм.

Түүний энэ үгийг Трамп “доромжлол” гэж үзэж байгаагаа твиттер хуудсандаа мэдэгдэж байв.

Дөнгөж өнгөрсөн дөрөвдүгээр сард Вашингтонд уулзахдаа салж хагацаж чадахгүй, гар гараасаа байнга атгалцаж байсан удирдагчид энэ удаа тэс өөр байдалтай байв. Уулзалтын турш Макрон Трампыг аргадах байдалтай байсан бол Трамп түүнд “царай өгөхгүй” байлаа.

Хоёр удирдагч энэ удаа гар барилцах үеэр Трамп гараа түрүүлж сугалахыг хичээж, харин Макрон түүний гарыг тавихгүй байгаа нь хэвлэлийн дуранд үлджээ.

 

Асуудал ингээд өндөрлөсөнгүй.

Өчигдөр Дональд Трамп Бело дахь Америк цэргийн оршуулгын газарт очиж, цэцэг өргөх төлөвлөгөөтэй байсан боловч бороо орж байсан шалтгаанаар цуцалсан байна.

Энэ газарт 1918 онд Германтай хийсэн тулаанд амь үрэгдсэн АНУ-ын 2,000 орчим тэнгисийн цэргийн шарил байдаг юм.

Цагаан ордон мэдэгдэлдээ “цаг уурын нөхцөл байдлын улмаас цагийн хуваарь, тээвэрлэлтэд хүндрэл гарсан” тул Белогийн арга хэмжээг цуцалсан гэж тайлбарлажээ.

Трамп энэ үйлдлийнхээ төлөө нутаг нэгт олон хүнд шүүмжлүүлсэн байна.

Тухайлбал нэртэй улс төрийн тоймч Дэвид Фрум “Чухал ойн арга хэмжээнд оролцохоор Францад очсон ерөнхийлөгч 100 жилийн өмнөх ялалтын төлөө амиа золиосолсон Америкчуудад хүндэтгэл үзүүлэхийн оронд зочид буудалдаа телевиз үзэж суусан нь гайхмаар хэрэг” гэж бичжээ.

Өнөөдөр буюу Ням гарагт Парисын төвд орших Ялалтын хаалганы дэргэд Дэлхийн Нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн гол арга хэмжээ зохион байгуулагдах юм.

 

Эх сурвалж: The Guardian, Ruptly