Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Мишель Обама Дональд Трампыг хэзээ ч уучлахгүй гэв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын өмнөх засаг захиргааны тэргүүн хатагтай асан Мишель Обама “Becoming” нэртэй дурсамж номоо хэвлүүлжээ.

Өчигдөр тэр шинэ номоо сурталчлан таниулах зорилгоор ABC сувгийн Good Morning America нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгсөн байна. Одоо 54 настай Мишель Обама дурсамж номондоо бичигдсэн зарим баримтыг энэ үеэр ил болгосон юм.

Тухайлбал тэр 20 жилийн өмнө анх удаа жирэмсэлсэн ч үр зулбаж байснаа дурсжээ. “Би 34, 35 нас хүрч байсан болохоор хиймлээр үр суулгах эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсноо мэдсэн” гэж ярьсан Мишель Обама ийм аргаар хоёр охиноо төрүүлсэн тухайгаа дэлгэсэн байна.

Экс ерөнхийлөгчийн гэр бүл одоо Саша, Малиа нэртэй 17, 20 насны хоёр охинтой юм.

“Becoming” номонд тэр Чикаго хотод хэрхэн арьс өнгөний үзэлтэй тэмцэн өсөж өндийснөөсөө эхлээд АНУ-ын анхны хар арьст тэргүүн хатагтай болсон түүхээ ил тод бичжээ.

Бас нэг сонирхолтой хэсэг нь хатагтай Обама энэ номондоо одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын талаар таагүй зүйлсийг бичсэн тухай байв.

Тэрээр Трамп сонгуульд ялсан тухай сонсоод хэрхэн цочирдож байснаа ярьжээ.

Мөн нөхрийг нь АНУ-д төрөөгүй, харь элгийн хүн гэж олон жилийн турш ярьсанд нь эмзэглэж явдгаа хуваалцсан байна.

Уг нь Барак Обама Хавайд төрсөн боловч Трамп түүнийг Кени эцэгтэй, АНУ-ын газар нутагт төрөөгүй хүн тул ерөнхийлөгч болох эрхгүй хэмээн байнга ярьдаг байв.

“Түүний үгэнд итгэсэн сэтгэцийн өвчтэй хүн буу бариад Цагаан ордонд очвол яах вэ? Манай охид руу халдвал яах вэ? Дональд Трамп ийм балмад дайралтаараа манай гэр бүлийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан. Үүнийх нь төлөө би түүнийг хэзээ ч уучлахгүй” гэж Мишель Обама ярьжээ.

Тэгвэл өчигдөр Дэлхийн Нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Парисыг зорин нисэх гэж байгаа Трамп сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Түүнээс Мишель Обамагийн ярьсан зүйлийн талаар асуухад Трамп “Өө Мишель Обама тэгж хэлээ юу, би мэдээгүй юм байна. Тэр маш их мөнгөний захиалгаар ийм ном бичсэн байх. Тэд үргэлж л маргаан дэгдээж байдаг. Тэгвэл би хариуд нь бас нэг асуудал яримаар байна” гэжээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Обама АНУ-ын армийн төсвийг бууруулснаараа ямар хор учруулсныг нь би хэзээ ч уучлахгүй. Би ирээд үүнийг нь засах гэж асар их хэмжээний мөнгө зарж байна. Тиймээс би түүний манай армид үзүүлсэн хор хохирлыг нь хэзээ ч уучлахгүй. Өөр олон замаар улс оронд маань учруулсан хохирлыг нь би хэзээ ч уучлахгүй. Би цаашдаа энэ талаар үргэлжлүүлэн ярих болно. Тэд аюулгүй байдлын тухай ярьж байгаа бол манай зэвсэгт хүчин, улс орны аюулгүй байдлыг алдагдуулсныг нь би ярих болно” гэж ярьсан байна.

 

Эх сурвалж: Associated Press