Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп конгрессын сонгуулийн дараа хэвлэл мэдээллийнхэнд уураа гаргав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын 2018 оны конгрессын сонгуулийн санал хураалт Мягмар гарагт болж эрх баригч Бүгд Найдамдахчууд төлөөлөгчдийн танхимд нөлөөгөө алдаж, Ардчилсан Нам олонх болсон юм.

Гэхдээ тэд конгрессын дээд танхим болох сенатад олонхын суудлаа хадгалж үлдсэн байна.

Сонгуулийн маргааш АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн анхны хэвлэлийн хурал нэлээд ширүүн уур амьсгалтай болж өнгөрлөө.

Тэрээр энгийн асуулт асуусан сэтгүүлчдийг зандарч, хэл амаар доромжилж, төлөөлөгчдийн танхимд олонх болсон өрсөлдөгч Ардчилсан Намынхныг сүрдүүлсэн байна.

Трамп үндсэрхэг үзлийн тухай асуусан сэтгүүлчийг “арьс өнгөний үзэлтэй асуулт асуулаа” гэж зэмлэсэн бол CNN агентлагийн сэтгүүлч Жим Акостаг “ард түмний дайсан” гэж нэрлэжээ.

Акоста түүнээс цагаачлалын бодлогын талаар асуулт асуусан юм. Ингэхэд Трамп ихэд эгдүүцэж “Улс орноо удирдах боломжийг чи надад олгох ёстой. Чи бол их бүдүүлэг, муухай хүн юм. Чи CNN-д ажиллах ёсгүй хүн байна. CNN чамайг ажиллуулж байгаадаа ичих ёстой” гэх зэргээр дайрсан байна.

Трамп бас өчигдрийн хурлын үеэр хэрвээ Ардчилсан Намынхан өөрийнх нь засаг захиргааны үйл ажиллагааг шалгаж эхэлбэл үүнийг “дайн зарласанд тооцно” гэж сүрдүүлжээ.

“Тэд ийм тоглоом эхлүүлж болно. Гэхдээ бид ийм тоглоомоор илүү сайн тоглож чадна” гэж тэр хэлсэн юм.

Өчигдөр өглөө Трамп ерөнхий прокурор Жэф Сэшнсийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан нь сонгуулийн маргааш хийсэн хамгийн эхний алхам байв.

Жэш Сэшнс ажлаа өгөх тушаалыг Цагаан ордноос хүлээж авсан тул огцрох өргөдлөө өгч байгаагаа мэдэгдсэн юм.

2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялахдаа Оросын дэмжлэгийг авсан эсэхийг нь мөрдөн шалгах ажил Ардчилсан Нам конгресст нөлөөтэй болсны дараа эрчимжихээс айсан Трамп энэ албан тушаалд илүү найдвартай хүн тавих гэж байна гэж ажиглагчид дүгнэж байна.

Ерөнхий прокурорын суудалд суух дараагийн хүнийг удахгүй зарлана гэж Трамп мэдэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider