Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

"100 айлын барилгын материалын үйлдвэрүүдийг төвлөрүүлэх Налайхын ҮТПаркийн ус, цахилгааны асуудал шийдэгдсэн"

Г.Номин, iKon.mn
2018 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанд 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга, нийслэлийн холбогдох албаны мэргэжилтнүүд болон худалдаачдын төлөөлөл оролцсон юм.

"100 айлын бүх худалдаа үйлчилгээний төвийг нүүлгэх шаардлага тавиагүй"
 
Гэрэл зургийг mpa.mn

Хуралдааны үеэр худалдаа эрхлэгчдийн зүгээс ажлын хэсгийн нэрэнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байв. Тэд "Ажлын хэсгийн хурал болохоор худалдаа эрхлэгчдээ төлөөлөөд хүрээд ирдэг. Хурал дээр 100 айл орчмын орчны тохижилтыг сайжруулах, үйлдвэрүүдийг хотоос гаргах, дэлгүүрүүдийн тохижилтыг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх гэх мэт асуудлууд яригдаж, бид дэмжиж буйгаа илэрхийлдэг.

Гэтэл ажлын хэсгийн нэр "Захыг нүүлгэх" гэсэн тодотголтой байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд барилгын материалын дэлгүүрүүд нүүх гэж байгаа юм шиг ойлголтыг иргэдэд өгөөд байх юм. Үүнээс шалтгаалаад худалдан авалт муудаж байна" хэмээсэн юм.

Худалдаа эрхлэгчдийн саналд ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга "Энэ ойлголтын зөрүүг арилгахын тулд ажлын хэсэг тал бүрийн төлөөллийг оролцуулж, хэвлэлд нээлттэй хуралдаж байгаа. Ажлын хэсгийн нэрэнд эмзэглэх асуудал байхгүй тогтоол нүүлгэх ажлын хэсгийн гээд гарчихсан учраас ингээд яваад байгаа. Шаардлагатай бол өөрчилж болно.

Барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэнэ. Худалдааны төв, дэлгүүрүүдийн орчныг сайжруулна гэсэн эцсийн шийдвэр гарсан" гэх тайлбарыг өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үүнд НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн нэмж тайлбар өгөхдөө "100 айлын бүх худалдаа үйлчилгээний төвийг нүүлгэх шаардлага тавиагүй. Харин хүн амын эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийг гаргах шаардлагыг мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьж байгаа. Суурьшлын бүсэд чулууны үйлдвэр, төмрөөр дээвэр хийдэг, хаалга цонхны үйлдвэр гэх мэт үйлдвэрлэлийг явуулахыг хориглосон стандарт бий.

Өнөөдрийн хүчин төгөлдөр хууль, журмын хүрээнд тэсэрч дэлбэрэх бодис худалдаалахыг хориглосноос өөр хориг байхгүй. Тиймээс юу зарж болох вэ гэдэг стандартыг батлах шаардлагатай. Стандарт батлагдчихвал мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжилт дээр нь хяналт тавьж ажиллана.

Захыг бүхлээр нь нүүлгэх тухай асуудал огт яригдаагүй.

Түүнчлэн газрыг зориулалтын бусаар ашиглан барилга барьж, үйлчилгээ явуулах тохиолдол байна. Газрын тухай хуулиар бол газрыг зөвхөн зориулалтын дагуу ашиглах, өмчлөх ёстой байдаг. Тиймээс манай байгууллагын зүгээс газраа зориулалтаар нь ашиглах чиглэлийг өгч байгаа. Түүнээс биш захыг бүхлээр нь нүүлгэх тухай асуудал огт яригдаагүй.

Иргэд 100 айлыг бүхлээр нь нүүлгэх гэж байгаа юм шиг буруу ойлголт аваад байна. Ер нь бол хуулиар зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулах эрхгүй газруудыг л цэгцэлж байгаа. Тэрнээс зөвшөөрөлтэй худалдааны төвүүд болон барилгын материалын захуудын үйл ажиллагааг хориглосон зүйл байхгүй” гэв.

100 айлыг цэгцлэх асуудал сүүлийн 20-иод жил яригдаж байгаа. Анхнаасаа буруу төлөвлөлт хийсэн учраас өнөөдөр 100 айл орчимд ийм байдалд хүрсэн. Одоо хойш суулгүй заавал шийдвэрлэх хэрэгтэйг Ч.Гантулга төлөөлөгч онцоллоо.

Налайхын үйлдвэр технологийн паркт 14 үйлдвэр өргөдлөө өгөөд газраа авжээ

Налайхын үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Паркийн цахилгааны асуудал шийдэгдсэн, усны нөөцийг тогтоогоод худгуудаа гаргасан, одоо замын ажил эхэлж байна. Ирэх жилээс цэвэр бохирын асуудал давхар шийдэгдээд явна гэх мэдээллийг хурлын үеэр албаныхан өглөө.

Одоогийн байдлаар 14 үйлдвэр өргөдлөө өгөөд газраа авсан бөгөөд зарим нь үйлдвэрийн барилгын ажлаа эхлүүлээд байгаа аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Ч.Гантулга төлөөлөгч "Үйлдвэрүүдийн хувьд эрт очиж газраа авах тусмаа ашигтай байрлал сонгох боломж нь өргөн болж, давуу байдал үүснэ. Үүн дээр бизнес эрхлэгчид мэдрэмжтэй хандана байх гэж найдаж байна.

Суурьшлын бүсэд үйлдвэрийн үйл ажиллагаа явуулахгүй байх хуулийн зохицуулалт бий. Үүн дээр мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж байгаа" хэмээн ярилаа.