Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан Нам төлөөлөгчдийн танхимд олонх болж, Бүгд Найрамдахчууд сенатад олуулаа үлдэх нь тодорхой боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

2018 оны АНУ-ын конгрессийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар Ардчилсан Нам төлөөлөгчдийн танхимд олонх болох нь тодорхой болжээ. Харин Бүгд Найрамдах Нам сенат буюу конгрессийн дээд танхимд олонх хэвээр үлдэх төлөвтэй байна.

Ингэснээр Бүгд Найрамдахчууд төлөөлөгчдийн танхим дахь байр сууриа алдаж, ерөнхийлөгч Дональд Трамп бодлогоо хэрэгжүүлэхэд саад бэрхшээл ихтэй болж байгаа юм.

Зарим хэсгийн дүн гараагүй байгаа ч Ардчилсан Нам 435 суудалтай төлөөлөгчдийн танхимд доод тал нь 30 суудлаар өрсөлдөгчөөсөө илүү гарч, найман жилийн дараа олонх болох гэж байна.

Хэрвээ ингэж чадвал тэд Дональд Трампын татвар төлөлт, эрх ашгийн зөрчил, 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Оросоос дэмжлэг авсан зэрэг хэргүүдийг шалгах боломжтой болно.

Мөн Мексикийн хил дагуу хана хэрэм босгох, гадаад худалдааны хатуу бодлого хэрэгжүүлэх, татварын томоохон хөнгөлөлт үзүүлэх зэрэг зарим төлөвлөгөөнөөсөө Трамп буцахад хүрнэ.

Хамгийн аюултай нь 2016 оны сонгуульд ялахдаа Оросоос дэмжлэг авсан нь хөдөлшгүй баримтаар батлагдвал Ардчилсан Намын олонх Трампыг огцруулах (импичмент) санал гаргах чадалтай болж байна.

Гэхдээ Трампыг огцруулах эцсийн шийдвэрийг Бүгд Найрамдахчуудын хянаж байгаа сенатын танхимын гуравны хоёрын саналаар гаргах юм.

Энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүд, залуус, испани хэлтэй Америкчууд Ардчилсан Намд илүү их санал өгсөн нь судалгаанаас харагджээ.

Тухайлбал Reuters/Ipsos-ийн сонгуулийн өдөр явуулсан санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 55 хувь нь Ардчилсан Намын төлөөлөгчдөд саналаа өгөхөө илэрхийлсэн нь 2014 оны сонгуулийн 49 хувийг давж байна.

18-34 насны сонгогчдын 62 хувь Ардчилсан Нам, 34 хувь Бүгд Найрамдах Намд саналаа өгөхөө илэрхийлжээ. 2014 онд энэ харьцаа 54:36 байсан юм.

Мөн 2014 онд испани хэлтэн иргэдийн дэмжлэгийг Ардчилсан Намынхан 18 хувиар илүү авч байсан бол энэ жил 33 хувиар илүүрхжээ.

 

Эх сурвалж: Reuters