Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эмиратын Абу Даби хотод Монгол Улсын ЭСЯ нээхээр зөвшилцөв

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Абу Даби хотод Элчин сайдын яам нээх асуудлыг зөвшилцөв

Засгийн газраас 2018 оны аравдугаар сарын 18-ний өдөр өргөн мэдүүлсэн уг асуудлын талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хийсэн юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гуравдагч хөрштэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу уг асуудлыг зөвшилцөхөөр оруулж ирж буйг сайд танилцуулав. 

Манай улс АНЭУ-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай орнууд. Сүүлийн жилүүдэд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж өсөж байгаа бөгөөд одоогоор хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулсан 10-аад гэрээ, хэлэлцээр хэрэгжиж байгаа аж.

АНЭУ 2016 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Тус улсын Абу Даби хотод дэлхийн 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар үйл ажиллагаа явуулдаг юм байна. 

Танилцуулгаас үзэхэд АНЭУ-д манай улсын 40 гаруй иргэн байнга оршин суудаг, сүүлийн жилүүдэд манай иргэд хувийн хэргээр зорчих нь нэмэгдэх болжээ. Иймээс иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, түүнчлэн манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах үүднээс Абу Даби хотод Элчин сайдын яам нээж ажиллуулахаар Засгийн газар шийдвэрлэжээ.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Абу Даби хотод Элчин сайдын яам нээж ажиллуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Элчин сайдын яам нь эхний ээлжинд гурван орон тоотой байхаар төлөвлөсөн. Орон байрны түрээс, унаа гээд бусад тодорхой зардлууд гарна. Зарим гол зардлыг гурван жилийн хугацаанд Эмиратын талаас хариуцахаа мэдэгдээд байгаа. Яваандаа зардал мөнгийг төсөвт тусгаж шаардлагатай болно гэлээ. 

Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд яамны боловсон хүчний хэлний бэлтгэлийн асуудлаар Батлан хамгаалах яамтай хамтрах боломж байгааг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрууд эдийн засгийн үр өгөөжтэй ажиллах ёстой, тэр дундаа шинээр байгуулагдах Элчин сайдын яам нь Арабын орнуудаас хөрөнгө оруулалт татах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үр дүнтэй ажиллах шаардлагатай гэдгийг хэлсэн юм.

Ингээд АНЭУ-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах асуудлыг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул уг асуудлыг зөвшилцсөн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

 

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс