Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Энх-Амгалан: Газар тариалангийн бүтээгдэхүүний 1/3 нь хаягдах эрсдэл үүсдэг

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” үндэсний форумыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан байдаг. Тэгвэл энэхүү форум оролцсон төрийн байгууллагуудын төлөөлөл болон хувийн хэвшлийнхэн өнөөдөр ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх бодлого, түүний хэрэгжилт, хяналтын асуудлын талаар зөвлөлдөж байна.

Зөвлөгөөнд оролцогчид төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулах нь хамгаас чухал байгааг онцолж байв. Мөн таримал ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь хадгалалт, тээвэрлэлтийн тусгай горим шаарддаг тул дэд бүтцийн асуудлыг анхаарах шаардлагатай байгаа гэлээ.

Манай улсад 5-6 аймгийн 156 суманд нийтдээ 2,340 ААН, иргэн газар тариалан эрхэлж байгаа бөгөөд МХЕГ-аас Талбайн түүхийн хөтлөлт, ямар үр сорт тариалж байгаа, мөн хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр хэр анхаарч байгаа талаар тандалт судалгаа хийжээ. Нийт газар тариалан эрхлэгчдийн 25 хувь нь ямар пестицид хэрэглэж байгаагаа хөтлөөгүй, мөн талбайн түүхий эдийн хөтлөлт хангалтгүй, хортон шавж илэрсэн эсэх тухай түүх хөтлөлт хангалтгүй гэсэн дүн гарсан талаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан хэллээ. Мөн тэрбээр, “Манай улс эрс тэрс уур амьсгалтайн дээр хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдах тохиолдол их байдаг тул ихэнх газар тариалангийн бүтээгдэхүүний 1/3 нь хаягдах эрсдэл бий болдог. Тухайбал, хүнсний ногоо тэр дундаа нарийн ногооноос хаягдал их гардаг” хэмээв.  

Манай улсад хүнсний бүтээгдэхүүний сорил шинжилгээний чиглэлээр 60 гаруй лаборатори итгэмжлэгдсэн байдаг байна. Хүнсний бүтээгдэхүүнээс сорил шинжилгээ авахдаа хөгц, мөөгөнцөр, хүнд метал, пестицидийн үлдэгдэл ямар хэмжээнд байна вэ зэргийг шинжилдэг аж. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн захирал Б.Амар “Дотооддоо тариалж буй хүнсний ногоонд эдгээр үзүүлэлт зөвшөөрөгдөх хэмжээнд байдаг. Харин импортоор оруулж ирж буй жимс, хүнсний ногооноос хортон шавж илрэх тохиолдол их бий. Энэ тохиолдолд хуулийн дагуу хил дээрээс буцаадаг” гэдгийг онцоллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс сүүлийн жилүүдэд төмс, улаанбуудайн дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 45-55 хувийг хангаж байгаа юм. Цаашлаад 2020 он гэхэд манай улс хүнсний ногооны хэрэгцээгээ 100 хувь хангах томоохон зорилтыг дэвшүүлсэн байжээ. Тэгвэл ийн дотоодын хэрэгцээгээ хангахуйц хүнсний ногоо тариалахын тулд хөрсний асуудал хөндөгдөх ёстой.

Монгол орны хөрсний өнөөгийн нөхцөл байдлын талаар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш доктор, профессор Б.Одгэрэлээс тодрууллаа. Тэрбээр, “Монгол орны газар тариаланд ашиглаж буй хөрс нь хүрэн хөрс байдаг. Уг хөрс нь ялзмагт үеийн давхаргын зузаан нь нимгэвтэр, агуулагдах ялзмагийн хэмжээ нь ядмаг гэж хэлж болно. Энэ талаас нь үзвэл тийм ч сайн хөрсөнд тооцогддоггүй. 2008-2010 онд хөрсөнд хийсэн шинжилгээний дүнгээс харвал Монгол орны тариаланд ашиглаж буй хөрс нь элэгдэл, доройтолд орсон байдаг.

Шинжилгээнд 580-аад мянган га газрыг хамруулахад 60 гаруй хувь нь хүчтэй элэгдэлд орсон төлөв илэрсэн. Ингэж элэгдэлд орсон шалтгааныг дурдвал,  нэгт, бид хавар, намар цагт хөрсөө хагалж хөдөлгөдөг. Энэ нь их салхины үетэй таардаг тул хөрс салхинд хийсэж элэгддэг. Хоёрдугаарт, нэг тарималтай. Тодруулбал, нийт тариалан эрхлэлтийн 80-90 хувийг буудай эзэлдэг. Тэгэхээр ээлжлэн тариалалт, сэлгээний асуудал байхгүйгээс хөрсийг доройтуулахад нөлөөлж байгаагаас гадна бордоо сайн ашиглахгүй байна. Гуравдугаарт, малын хөлөөр хөрс талхлагддаг.

Хавраас эхлээд зун, намрын тариалангий талбай, өвөл нь малын бэлчээр болчихоод байна. Тиймээс тариалангийн талбайгаа хашаатай болгосны дараа дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх талаар ярих болж байгаа юм. Харин хөрсийг нөхөн сэргээхийн тулд элэгдэлд орсон талбайд олон наст ургамал тарих хэрэгтэй. Ингэснээр ургамал эргээд хөрсөндөө шим тэжээлээ өгч, ялзмаг үүсгэх сайн талтай" гэв.