Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮХС-аас зээл авч чадаагүй иргэдтэй уулзахаас гадна мэдээлэл хүлээн авч байгаагаа ХҮНам зарлалаа

Т.Саран, iKon.mn
2018 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хөдөлмөрийн Үндэсний нам дотоод зөрчлөө цэгцэлж, шинэ даргатайгаар үйл ажиллагаагаа албан ёсоор эрчимжүүлж байгаагаа өнөөдөр мэдээллээ. Юуны өмнө намын талаарх иргэдийн дунд үүссэн ойлголтыг засах үүднээс дотоод асуудал нь юу болж байгаа талаар мэдээлэл өглөө. 

Боловсролтой, өндөр мэдлэгтэй залуус анх нэгдэн байгуулагдаж, улс орноо шинэчилнэ хэмээн мэдэгдэж байв. Гэвч тус намыг УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар даргалах болсноор дотоод зөрчил үүссэн бол С.Ганбаатар МАХН-д элссэн нь тодорхой болсноор намын дотоод зөрчил ерөнхийдөө арилсан талаар ХҮН-ын нарийн бичгийн дарга Д.Гантулга хэллээ. Ийнхүү дотоод зөрчилтэй хэмээн Дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй байсан тус нам 2017 оны зургаадугаар сард их хурлаа хийж, Б.Найдалааг намын даргаараа сонгосон бөгөөд намын шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулжээ. Шинэ бүрэлдэхүүн, гишүүдтэйгээр 2018 онд дахин их хурлаа хийж, цаашид бодлогын нам байхаа зарлаж, өөрчлөлтүүдээ дүрэмдээ оруулан Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр албан ёсоор үйл ажиллагаа явуулах боломжтой болсноо энэ үеэр дуулгалаа. 

“Өнгөрсөн хугацаанд улс орныг завхралаас цэвэрлэх чадвартай хүчнийг булаахыг оролдсон. Бид тууштай байсан. Биднийг МАНАН-ийн гар хөл мэтээр гутаан доромжилж, дайрч байсан. Бид тэсэж гарч чадсан. Хэрэв ХҮН нам худалдагдаж, хуйвалдсан байсан бол өнөөдөр ямар хүмүүс гишүүн болоод, намыг удирдаад, хэнтэй наймаа хийгээд явах байсныг мэдэхгүй. Бид намаа хамгаалж үлдсэндээ баяртай байна. Улс эх орноо сэргээж, хөгжлийн шинэ шатанд гаргахаар ажиллаж байгаадаа баяртай байна. Одоо улс орноо цэвэрлэх хэрэгтэй” хэмээн Б.Найдалаа хэллээ.  

Ийнхүү дотоод асуудлаа шийдсэн тул нийгмээ цэвэрлэх ажлыг эхлүүлж байгаагаа мөн хэлэв. Эхний ээлжинд ЖДҮХС-тай холбоотой асуудлыг эцэст нь хүртэл цэгцлэх бөгөөд мэргэжлийн хуульч, өмгөөллийн баг ажиллаж, энэ сангаас зээл авч чадаагүй иргэдтэй уулзахаас гадна мэдээлэл хүлээн авч байгаагаа зарлалаа. 

Мөн 2020 оны УИХ-ын сонгуулиар ХҮН нам юу хийх ёстой, улс орны болохгүй байгаа асуудлыг яаж шийдэх ажлын тодорхой төлөвлөгөө гаргаж, тэр ажлуудыг хэн хариуцахыг нь хүртэл тодорхой зарлаж оролцоно гэв.