Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтөнд ажиглагдсан анхны галактик хоорондын аялагчийг харь гарагийнхан илгээсэн байж магадгүй гэнэ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд сигар тамхины хэлбэртэй чулуулаг биет манай нарны аймаг дундуур аялж байсныг астрономичид олж илрүүлээд хүн төрөлхтөнд бүртгэгдсэн анхны галактик хоорондын зорчигч гэж дүгнэсэн юм.

Улмаар Хавай дахь дурангаар илрүүлсэн тул нутгийн уугуул оршин суугчдын хэлээр Оумуамуа гэж нэрлэсэн байдаг.

Тэгвэл Харвардын их сургуулийн хоёр судлаач уг биетийг харь гарагийнхны илгээсэн туршуулын хөлөг байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Тэдний дүгнэлтээр Оумуамуа нь манай нарны аймгаас гарч явахдаа төсөөлж байснаас илүү хурдтай аялсан нь ингэж сэжиглэхэд хүргэсэн байна.

Уг биет нь буцахдаа нарны гэрлийн цацрагийн тусламжтай хөвөх (light sail) аргыг ашигласан учраас байгалийн бус, хиймэл хурд гаргасан гэж тэд үзэж байгаа гэнэ.

“Оумуамуа буцахдаа илүү хурдтай аялсан нууцлаг үзэгдлийг бид нарны гэрлийн цацаргалтын түлхэлтийг ашигласан гэж тайлбарлаж болохоор байна” гэж судлаачдын нэг, Харвардын астрофизикч Шмуэл Байли тайлбарлажээ.

Гэхдээ ийм хүчийг ашиглахын тулд биет нь маш том гадаргуутай, маш нимгэн байх ёстой. Оумуамуагийн хэлбэр үүнээс тэс өөр байгаа нь байгалийн хуулиас гадуур байсныг харуулж байгаа гэнэ.

Тэдний судалгааны тайлан дараа долоо хоногт “Astrophysical Journal Letters” сэтгүүлд нийтлэгдэхээр болжээ. Нийтлэгдэхээс өмнө хэвлэгдсэн дүгнэлт нь шинжлэх ухааны ертөнцөд тараад байгаагаас эрдэмтдийн дунд маргаан өрнүүлсэн юм.

Зарим эрдэмтэд тэдний таамгийг эрс няцааж, хангалттай нотолгоо байхгүй гэж үзсэн байна. Гэхдээ нөгөө хэсэг нь “эрдэмтэд үнэн байх магадлал өчүүхэн бага байсан ч сонин хачин санаа таамаг гаргах нь хэвийн үзэгдэл” хэмээн тэднийг дэмжжээ.

Оумуамуа нь Хавайн уугуул оршин суугчдын хэлээр “мэдээ дамжуулагч, элч” гэсэн үг. Түүнийг 2017 оны аравдугаар сард Хавайд байрлах сансар огторгуйн телескопоор анх илрүүлсэн юм.

Уг биетийн урт нь 400 метр бол өргөн нь 40 орчим метр байжээ.

 

Эх сурвалж: AFP