Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эрх баригчид хүнийг “явдлаар нь таних” шинэ технологийг туршиж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятадын эрх баригчид хүнийг царайгаар нь таних (face recognition) технологийг өндөр түвшинд хөгжүүлж, нийгмийн тогтвортой байдлыг хангах үйлсэд ашиглаж байгаа.

Тэгвэл тэд саяхнаас “gait recognition” буюу хүнийг явдал, алхаа гишгээгээр нь таних шинэ системийг туршиж эхэлжээ. Өөрөөр хэлбэл хяналтын камерт харагдаж байгаа хүний царайг заавал тодруулж харалгүй, явдлаар нь танина гэсэн үг юм.

Шинэ технологийг одоогоор Бээжин, Шанхай хотуудын гудамжинд цагдаа нар туршаад эхэлжээ. Системийг хөгжүүлж байгаа Watrix компанийн гүйцэтгэх захирал Хуань Ёнжэний хэлж байгаагаар тэд 50 хүртэл метрийн зайнаас нүүр нь харагдахгүй байсан ч хүнийг хэн болохыг нь таних чадвартай гэнэ.

Нүүр царайгаар таних аргад өндөр нарийвчлалтай камер, ойр зай гээд нарийн шаардлагууд тавигддаг бол шинэ технологид ингэх хэрэг байхгүй. Тэр ч байтугай системийг хуурахын тулд алхаагаа өөрчлөх, үсэрч харайх зэрэгт ч алдалгүй таних чадвартай. Учир нь хиймэл оюунаар тоноглогдсон систем тухайн хүний бие яаж хөдлөх бүх хувилбарыг тооцоолж чаддаг юм.

Watrix компани өнгөрсөн сард 100 сая юаний ($14.5 сая) хөрөнгө оруулалт авч, технологийн хөгжүүлэлтээ түргэсгэж, зах зээлд гарах боломжтой болсон гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press