Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д 2018 оны конгрессийн сонгуулийн санал хураалт явагдаж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Арваннэгдүгээр сарын 6-ны Мягмар гарагт АНУ даяар конгрессийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа явагдаж байна. Конгрессийн сонгууль нь ерөнхийлөгчийн сонгууль хоорондын дунд болдог тул завсрын сонгууль ч гэж нэрлэдэг.

Уг сонгуулиар Америкчууд холбооны хууль тогтоох дээд байгууллагууд болох төлөөлөгчдийн танхимын (парламентын доод танхим) болон сенатын (парламентын дээд танхим) гишүүдийг сонгодог.

Одоогийн байдлаар Бүгд Найрамдахчууд төлөөлөгчдийн танхимд 235, сенатад 51, Ардчилсан Нам төлөөлөгчдийн танхимд 193, сенатад 49 суудалтай байгаа.

Энэ удаагийн сонгуулиар Бүгд Найрамдахчууд дахин олонх болвол ерөнхийлөгч Дональд Трампын үлдсэн хоёр жилийн үйл ажиллагаанд тустай байх болно. Харин Ардчилсан Нам олонх болвол Трампыг ерөнхийлөгчийн суудлаас огцруулах (импичмент) үр дүнд ч хүргэж болох юм.

АНУ өргөн уудам газар нутагтай тул одоо эхний сонгуулийн тойргууд санал авч дуусаад хаагдаж байгаа бол зарим тойрогт санал хураалт ид үргэлжилж байна.

Санал хураах төвүүд бүс нутгаасаа шалтгаалан өглөөний 6-8 цагт нээгдэж, оройн 18-21 цагийн хооронд хаагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider