Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Ганбаатар: Бээжинд Хубилай хааны байгуулсан Нийслэлээс үлдсэн 40 гаруй туурь бий

М.Мөнхтунгалаг, Үндэсний шуудан
2018 оны 11 сарын 7
Үндэсний шуудан
Зураг зураг

МУСГЗ Я.Ганбаатар гэх эрхэм хүмүүнийг түүх, улс төр, утга зохиол судлаачид андахгүй. Тэрбээр 1959 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод мэндэлсэн. Хятад, орос, англи, герман хэлтэй. МЗЭ-ийн гишүүн, Монголын орчуулагчдын эвлэлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн. Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдын яам, Хөх хот дахь Консулын газар, Тайвань дахь төлөөлөгчийн газарт ажиллаж байсан гээд түүний оюун ухаан, амьдралын он жилүүдээ зориулаагүй салбар цөөн. Орчуулагч, судлаач, зохиолч тэрбээр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх, соёлын ажлыг дагнаж хэл шинжлэл, утга зохиол, орчуулга, түүхийн судалгааны 20-иод ном бүтээсэн байна.

Тэрбээр нэрт эрдэмтэн Чой. Лувсанжавын гарын шавь төдийгүй 1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, 2002 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр, 2003 онд УИХ-ын дарга Төмөр-Очир, 2006 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, 2007 онд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, 2010 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын БНХАУ-д айлчилсан төрийн өндөр хэмжээний албан ёсны айлчлалд оролцсон байна. 2006, 2011 онд уран бүтээлээрээ МЗЭ-ийн “Алтан-Өд” шагнал, 2014 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, МУСГЗ цолоор тус тус шагнагджээ. Тэрбээр “Сансарын хүүхдүүд” дурсамж роман хэвлүүлж номоо баринтаглаж авах гэж байна. Түүнтэй ярилцлаа.

-БНХАУ-д тэр ду Бээжинд, монголын түүх соёлтой холбоотой хэчнээн юм байна. Тэдгээрийн үнэ цэн, мөн чанарын талаар яриач?

-Маш сонирхолтой асуулт байна. Сэдэв нь сонин юм. Өнгөрсөн түүхээ эргэж сонирхон, эрхэмлэн судалж байдаг хүн болгоны хувьд бидний буурал түүх нандин. Саяхан болтол монголчууд өөрсдийн түүхээ тун бага мэддэг байсан. Ардчилал хөгжсөн өнгөрсөн 30-аад жилд мэдээлэл авах байдал чөлөөтэй болсны ачаар бид олон зүйлийг сэргээн харж, нэхэн судалж, тодотгон гаргаж ирж байна. Энэ нь монголын түүх судлал, монголчуудын соёл судлал цэцэглэн хөгжиж байгааг илтгэх сайн хэрэг. Яах аргагүй сэргэн мандлын эрин үе гэж нэрлэж болохоор үзэгдэл. Ер нь хүн төрөлхтний түүхийг харахад, сэргэн мандлын үе, дахин сэргэлтийн үе гэж бий.

Дандаа соёл нь эргэн сэргэсэн, түүнийгээ олж харан гаргаж ирсэн байдаг. Дундад зууны Европын сэргэн мандлын үе бол гайхамшигтай эргэлтийн үеийг авчирсан байдгийг бид мэднэ. Үүн шиг түүхүүд Дорно дахинд ч байсан. Хятадын түүхэнд ч бий. Миний хувьд төрийн албаны ажлаар Бээжин хотод нэлээд олон жил суусан. Төрийн ажлыг хийхийн зэрэгцээ өөрийн гол мэргэжил болох судалгааны ажлаа нэлээд ул суурьтай хийхээр оролдсон. Сонирхуулж ярихад, манай нэрт Төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар гэж мундаг хүн байлаа. Токиогийн их сургуульд монгол хэлний багшаар ажиллахаар очих замдаа Бээжингээр хэд хэдэн удаа дайрч бид уулзаж байв.

Ингэхдээ монголын түүх соёлын дурсгалт хэд хэдэн газраар хамтдаа явсан. Тэгэхдээ надад хэлж байсан. “Явуулын бид бол энэ их арвин өв соёлыг судалж чадахгүй, барахгүй. Суурин энд байгаа, та нар энэ талаар онцгойлон анхаарч судалж, тогтоож, гаргаж ирээрэй. Бидний мэдэхгүй юм энд зөндөө байна шүү” гэсэн юм. Түүнээс хойш, ухаан орж, сэдэл аваад хятад, өвөрмонголын эрдэмтэдтэй нэлээд уулзаж, лавлаж асууж сурагласан. Мөн ном хэвлэлүүдээс ч нэлээд үзэж судалсан. Үнэхээр өнөөгийн Бээжин хотод монголын түүхтэй холбоотой маш их юм байна гэдгийг гаргаж ирсэн.

-Тухайлбал, онцгойлон тодорхой хэлэхэд?

-Би 2011 онд “Гүрний их нийслэл Дайду Хаан балгас” ном бичсэн. Энэ ном бүтэхэд Элчин сайдын яамнаас тусалж дэмжсэн. Онцгойлон хэлэхэд, манай Элчин сайд Г.Батсүх, Оюутолгой компанийн ТУЗ-ын дарга шүү дээ. хүн их анхаарсан. Олон талаар тусалсан. Номондоо Бээжин хотод байгаа монголын түүхийг багтаасан-. Монголын түүх, соёлын өв дурсгалууд, үзмэрүүд хаана, юу байгааг тоймлон оруулахыг хичээсэн. Гэхдээ дандаа том, том дурсгалт газруудыг онцолсон. Өөрөөр хэлбэл, сүм хийд, суварга, цамхаг, хааны орд харш, одон орон судлалын төв гэдэг ч юм уу.

Судалгаанаас үзэхэд, Хубилай хааны байгуулсан их гүрний нийслэлийг Хятадаар Дайду гэж байгаа юм. Монголоор Хаан балгас хэмээн тэр үед нэрлэж байсан. Энэ хот бол дэлхийд хосгүй үзэсгэлэнтэй хот байсан гэж Италийн алдарт аялагч Марко Поло дуу алдсан байгаа юм. Хубилай хааны дэргэд 17 жил шадарлан сууж, зөвлөн, Өрнө зүгийн их ухаанаас сийрүүлсэн тийм хүн.

Өөрөөр хэлбэл, Евро Азийн өргөн уудам газар нутгийг хаа байсан Ром, Италиас 20-иод мянган км туулж замын дунд байгаа хэдэн арван үндэстэн, ястан, улс гүрнийг дайран өнгөрсөн энэ хүн баргийн юманд сэтгэл хөдлөхөө больсон, нүдний хор арилсан, баргийн юмыг тоохооргүй хэмжээнд юм үзэж нүд тайлсан байж тэгж дуу алдана гэдэг үнэхээр агуу их, том, үзэсгэлэнтэй, сайхан хот байсныг илтгэнэ.

-XIII зууны үед холбогдож байгаа юм байна. Хэчнээн газар байдаг вэ?

-Үнэхээр XIII зууны үед цогцлоосон нийслэлийн туурь, үлдэгдлийг үзэхэд, холбогдох ном судруудыг харахад, Марко Поло дуу алдахаас аргагүй хот байсан нь мэдэгддэг. Өнөөдөр тэр их хотоос үлдсэн дурсгал Бээжинд 20 гаруй газарт байна. XIII зууны үеэс үлдсэн тухайн хоттой холбогдох газар нийт 40 гаруй байна гэж тэмдэглэгдсэн. Яг нэг дороо Хаан балгас гэж хэрэмт хот байсан гэж үзвэл 20 гаруй туурь, үзвэр хадгалагджээ.

Тухайлбал, Цагт асар, хэнгэрэгт асар, Хубилай хааны цагаан суваргат сүм гэж бий. Одон орон судлалын төв гэж байна. Чингис хаантай уулзсан Чан чан бумба гэж Хятадын шашны их том гавж хүн байжээ. Түүнд Чингис хаан үлдсэн насаа Хаан балгаст амар тайван өнгөрүүлээрэй хэмээн соёрхсон Чан чан бумбын Цагаан үйлийн сүм гэж гайхамшигтай сүм байна. Энэ мэт 20 гаруй газрын судалгааг хийж, түүхэн эх сурвалжийг тодруулж, зургийг нь хавсаргаж номондоо оруулсан.

-Жишээлбэл, Хэнгэрэгт асар гэдэг нь ямар учиртай газар байсан юм бол?

-Эрт цагт олноор оршин суудаг, төвлөрсөн газар элдэв янзын дохио, чимээ өгөх зориулалттай. Яарсан, сандарсан үед ч юм уу, гал түймэр, үер усны үед олон хүнд чимээ егөх, эсвэл харийн довтолгоо, дайн байлдаан гэх мэт болоход яаралтай хэл өгөх зорилгоор олон давхар, том асар бариад дээр нь маш том хэнгэрэг, бөмбөр, цангууд байрлуулчихсан байна. Тухайн үед энэ байгууламж ямар байв, яг тэр хэвээр байна. Тэр том хэнгэрэг, цанг нүдэж дэлдэхэд хотын нөгөө захад байгаа хүнд сонсогдоно гэсэн үг.

Үүний хажууд Цагт асар гэж бий. Цагт асар гэдэг нь цаг бүрт дуугарч дохио өгдөг. Үүгээр хотынхон цаг хэд болж байгааг мэддэг байж. Үүнийг монголчууд сэдсэн гэхэд хаашаа юм. Гэхдээ суурин соёлтой иргэдээс суралцаж Хубилай хаан үргэлжлүүлэн өөрийн их хотдоо хэрэгжүүлсэн түүхтэй. Мөн Хубилай хааны Цагаан суваргат сүм гэж байна. Сонин домогтой.

-Ямар домог яриа вэ?

-Монголын их цэргүүд Бээжинг эзэлчихээд байхад сүмийн нуранги доороос гэрэл цацраад байж л дээ. Түүнийг харсан цэргүүд хаанд мэдэгдэж. Энэ бол 1260-аад оны үе шүү дээ. Хубилай залуухан, хаан болоогүй, ханхүү байсан үе. Мөнх хаан төр барьж байсан цаг. Гэрэл гараад байгааг сонссон хаан цэргүүддээ зарлиг буулгаж очоод үз. Юун гэрэл гэгээ гараад байгааг хар гэж. Очоод үзсэн чинь тэр доороос бурхан багшийн чандар гарч ирсэн байдаг. Бурхан багшийн чандрын хэлтэрхий.

-Гайхамшигтай ариун газар тухайн сүм байжээ?

-Түүхэн эх сурвалжид бурхан багшийн чандрын хэлтэрхий 2-3 газарт бий гэж тэмдэглэсэн шүү дээ. Энэтхэг, Балба, Хятадад. Тэнд байсныг хаан мэдээд ариун, дагшин газар байна. Тиймээс энэ сүмийг дахин сэргээе гэж зарлиг гаргаад дахин босгосон. Өнөөдрийн дэлхийн буддын шашинт улс үндэстнүүдийн дундах хамгийн том цагаан суварга.

Гэтэл өдгөө манайхны суварга гээд босгоод байгаагийн дэргэд бол үнэхээр агуу бүтээл. Ийм гайхамшигтай юм тэнд байна. Хубилай хааны, тухайн үедээ Монголын их гүрний шинжлэх ухааны академи төвлөрдөг, судар бичгийн хүрээлэн, ном хэвлэлийн газар байсан, олон эрдэмтэн мэргэд сууж ажилладаг байсан газар юм.

-Тэр үеэс л одон орон судлалын төв байсан гэхээр сонин байна?

-Хубилай хаан бол одон оронг онцгойлон судалж төрийн болоод хувийн зан үйлдээ ашигладаг байж.

Од мичидийн явдал, суудлаар цаг улирлыг тодорхойлж тухайн жил ямар болохыг шинжиж өөрийн болон төрийн зурхайд ашигладаг. Тийм учраас онцгойлон хөгжүүлсэн байна. Хубилай хаан Араб дахинд ноёлон суусан өөрийн дүү Ил хаадад захидал илгээжээ. Яагаад гэвэл, тэр үед Араб, Перс зүгт одон орон илүү хөгжсөн учир одон, зурхай гадарладаг эрдэмтэн, мэргэдийг төчнөөнийг явуул гэж захидалдаа дурдсан байдаг. Ингээд энэ чиглэлийн эрдэмтдийг өөрийн дэргэдээ удаан хугацаанд суулган хөгжүүлсэн байдаг.

-Бидний сайн мэдэх Цагаан хэрэм энэ дурсгалын нэг мөн биз?

-40 гаруй туурь бий гэж бий хэлсэн шүү дээ. Одоо бид тэдгээрийг гүйцээн судлах ёстой. Цагаан хэрэм ч мөн. Энэ бол дуусахгүй их судалгаатай газар. Хаана л бол хаана очиход хэдэн зуугаараа бидний түүхтэй холбоотой энэ мэт газрууд байна. Мөн “Цавчаал боомтын хаалга” гэж газар бий. Дэлхий дээр хаалга гэдэг их сонин ойлголт байжээ. Тухайн улс үндэстний соёлыг илэрхийлдэг.

Цаад утгаараа Дорнын гүн ухааны ойлголтоор хүнийг нэг цаг үеэс нөгөө цаг үед хүргэж байдаг, урин залж, цааш нь угтан үдэж байдаг бэлгэ дэмбэрэлтэй ойлголт. Тухайн газар нутаг, хот суурингийн тухайд ярих юм бол айл гэрийн хаалга шиг гаднаас ирэх зочин гийчнийг урин залдаг. Тэр ч утгаараа Цагаан хэрмээс чанх хойно 70 км-т байдаг “Цавчаал боомт” гэж монголчууд эрт үеэс нэрлэж байсан хаалга байна.

-“Цавчаал боомт” гэж юу гэсэн үг юм бол?

-Яагаад ингэж нэрлэснийг мэдэхгүй. Гэхдээ л XIII зууны үеэс өнөөдрийг болтол монголчууд ийн нэрлэсээр байна. Бодвол, тэр орчмын уул хад нь эгц өндөр. Энэ талаас нь нэрлэсэн байж магадгүй. Энд бол тухайн үед Зүрчидийн Алтан улсын хилийн цэргийн застав байрлаж байсан. Цэрэг суудаг. Өөрөөр хэлбэл, Хойд Ази, Дундад Ази хоёрыг заагласан газар нутаг. “Цагаан хэрэм” бол түүхийн их сонин хил хязгаар шүү дээ.

1210-аад оны үед Зүрчидийн Алтан Улс бууран доройтож байсан цаг үе. Монголын Хамаг Монгол Улс бол хүчирхэгжин мандаж байсан үе. Залуухан Чингис хаан монголын их армийн хүчээр ид хүч орсон тийм үе. Монгол овог аймгуудаа нэгтгэж 1206 онд Хамаг Монгол улсаа байгуулаад дараа нь дөрвөн зүг, найман зовхист газрыг эзлэн авч нэгэн төрийн дээвэр доор энх амгалан аж төрүүлэх зорилгынхоо дагуу аян дайнаа эхэлсэн. Энэ дайнаа Зүрчидийн Алтан улсаас эхэлсэн түүхтэй. Тэр аян дайны улбаагаар явахад монголын их цэрэг 1211 оны хавар энэ “Цавчаал боомт”-оор суурин, тариачдын нутаг руу орсон. Үүнээс цааш Бээжин 70 км.

Гэхдээ Бээжин тухайн үед Зүрчидийн Алтан улсын дунд нийслэл гэсэн нэртэй байжээ. Ер нь сонирхуулахад, эрт цагт улс орнууд хэд хэдэн нийслэл хоттой байсан. Зүрчид гэхэд л таван нийслэлтэй. Түүний өмнөх язгуУрын монголчууд хэмээн нэрлэгддэг Киданы Лио улс гэхэд л мөн таван нийслэлтэй. Тэднийг залгамжилсан XIII зууны үеийн Монголын их гүрэн гэхэд л мөн дөрвөн нийслэлтэй. Үүний нэгээхэн нь Хархорин. Ямар гайхамшигтай хотыг газрын хөрснөөс арчсан бэ гэдгийг мэдэх үнэхээр харамсалтай. Энэ мэт дөрвөн нийслэлийн гурав нь хятадын нутаг дэвсгэр дээр, нэг нь Монголын нутаг дээр байна. Гэхдээ тухайн үед монголын нутаг дэвсгэр л байсан шүү дээ.

-Одоо Бээжинд байгаа хааны ордныг манайхан нэлээд сонирхдог шүү дээ. “Хориотой хот” гэж нэрлэдэг. Энэ хааны ордонд монголчуудтай холбогдох дурсгал бий юу. Манай хаад, хатдын эдэлж хэрэглэж байсан зүйлс?

-Сая би томоохон өв, дурсгалуудын тухай ярилаа. Сүм хийд, орд харш. Одоо жижиглээд үзмэрүүд юу байна гэдгийг товч дурдъя. Өнөөдөр дэлхийн олон сая жуулчид хятадын “Хориотой хот” хэмээн нэрлэдэг хааны ордныг үзэж байна. Энэ бол хааны өвлийн ордон юм. Монголчуудын XIII зууны үеийн их гүрний дараагаар гарч ирсэн Хятадын Мин улсын үед баригдсан гэж үздэг. Он тооллын хувьд 1368 оноос хойш баригдаж эхлээд хааны ордон болж төвлөрсөн. 300 жил оршин тогтноод 1644 онд мөхөөд Манжууд гарч ирээд 1911 онд мөхөх хүртлээ ноёрхож байсан гэхээр 600-гаад жил ордон байсан газар юм.

Тэгэхээр тэнд арвин дурсгал бий. Зарим эрдэмтдийн хэлж байгаачлан XIII зууны үеийн монголын нийслэлийн зарим барилга байсан газар. Би судалгаа хийж байхдаа Хубилай хааны Засгийн газар яг хаана байсныг тогтоох гэж нэлээд үзсэн. Энэ дагуу явахаар одоогийн “Хориотой хот”-ын орчимд очдог. Тэгэхээр тэнд Хубилай хааны Засгийн газар байжээ. Энэ мэт Бээжинд монголчуудын өв уламжлал, түүхтэй холбоотой өв, дурсгал маш их.

Зураг