Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн шадар сайдын найз бүсгүй салж байгаагаа Инстаграм хуудсандаа анх зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Италийн засгийн газрын шадар сайд, мөн дотоод хэргийн сайдын албыг давхар хашдаг Маттео Сальвини сошиал сүлжээний ачаар энэ онд төрийн өндөр албан тушаалд хүрсэн юм.

Тэгвэл түүний найз бүсгүй мөн л сошиал сүлжээгээр түүнээс салж байгаагаа олон нийтэд зарлажээ. Одоо 35 настай, модель асан, Италийн телевизийн шоуны хөтлөгч бүсгүй Элиза Изоарди гурван жил үерхсэний эцэст Сальвинигаас салж байгаагаа Инстаграм хуудсандаа өчигдөр зарласан байна.

Тэр Сальвинитай хамт хэвтэж байгаа зургаа нийтлээд тайлбарт нь “Бие биедээ юу өгснийг биш, бие биедээ юу өгч болох байсныг би үгүйлэх болно. Жинхэнэ хайранд чинь гүн хүндэтгэл үзүүлье, баярлалаа Маттео” гэж бичжээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тэдний папарацци зураг, хов жив Италийн хэвлэлүүдээс салдаггүй байсан юм.

Цагаачлалын эсрэг Лига намын дарга, 45 настай Сальвини энэ мэдэгдлийг хүмүүст хүрэх үед Африкийн Гана улсад айлчлаад эзгүй байв. Өнгөрсөн долоо хоногт явагдсан санал асуулгаар Италичууд Сальвиниг улс орныхоо жинхэнэ удирдагч гэж үздэг нь харагдсан байна.

Санал асуулгад оролцогсдын дөнгөж зургааны нэг нь ерөнхий сайд Жюзеппе Контег засгийн газрын гол хүн гэж үзсэн байв.

Зургаадугаар сараас засгийн газарт ажиллаж эхэлсэн Сальвини тус улс дахь хууль бус цагаачдын эсрэг баривчилгаа зохион байгуулж, Италийн далайн боомтуудад Африкаас ирэх дүрвэгчдийг хүлээж авахыг зогсоосон юм.

Тэр бас Италийн төсвийн асуудлаар Европын Холбооны удирдлагуудтай зөрчилдөж байгаа гол хүн ажээ.

Эх сурвалж: Independent