Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Явган дүрвэгчдийн түрүүч гурван долоо хоногийн дараа Мексикийн нийслэлд ирлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Гурван долоо хоногийн өмнө Гватемалаас Мексикийн хилээр нэвтэрсэн олон мянган дүрвэгчийн түрүүч Ням гарагт Мехико хотод ирсэн байна.

Мехико хотын захиргаа спорт цогцолборыг өөрчилж, 5,000 орчим дүрвэгчийн багтаамжтай хуаран байгуулж тохижуулаад байгаа бөгөөд Ням гарагийн орой эхний 500 хүнтэй цуваа энд ирж буудаллажээ.

Төв Америкийн Гондурас, Гватемал, Сальвадор улсуудаас гарсан дүрвэгчид баталгаатай амьдрал хайн АНУ-ыг зорьж яваа юм.

Тэд нийт 1,500 орчим километр зам туулж, хоёр удаа улс хоорондын хилийг даваад байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэднийг үндэсний хэмжээний аюул гэж зарлан, замаасаа буцахыг шаардсаар байна.

Мехико хотын захиргааны тооцоолсноор тус улсад нийт 5,000 орчим дүрвэгч, үндсэн гурван цуваанд хуваагдан аялж яваа гэнэ.

Латин Америкчууд өөр өөрийн эх орондоо амьдрах аргагүй болсон тул эцсийн найдвар тээн хойд зүгийг чиглэн алхсаар байна.

Жишээ нь тэдний нэг 28 настай Лестер Алварадо гурван хүүхдээ эцэг эхтэйгээ орхиод эхнэрийн хамт АНУ-ын хилийг зорьж явна. Гондурасын нийслэл Тегусигальпад жижиг цайны газар ажиллуулдаг байсан тэд зэвсэгт бүлэглэлүүдэд хамгаалалтын мөнгө төлж чадахгүй болсны улмаас дүрвэж яваа. Хэрвээ тэд үлдвэл мафийнхны гарт алагдах нь гарцаагүй болжээ.

Мексикийн булангийн Веракруз хотын дарга Баасан гарагт дүрвэгчдийг нийслэл Мехикод хүргэхэд зориулж 160 автобус гаргахаар болоод байв. Гэвч Мехико хот их хэмжээний дүрвэгч нэг дор хүлээж авах бэлтгэлгүй байгаа тул түүний саналыг эсэргүүцэж, төлөвлөгөө цуцлагджээ.

Гэхдээ дүрвэгчид гэмт хэргийн түвшин өндөр Мехико хотод удаан саатах хүсэлгүй, аль болох хурдан дайрч өнгөрөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Мехико хотоос АНУ-ын хил хүртэл 1,100 орчим километр зайтай юм.

 

Эх сурвалж: The Guardian