Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

ББСБ-д бохир мөнгө орох боломжгүй ч СЗХ хянаж байгаагаа мэдэгдлээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын хэмжээнд 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өсжээ. Энэхүү өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрдсэн талаар өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн юм. 

Санхүүгийн зах зээл дотор ББСБ-ын ерөнхийдөө өсөлттэй байгааг энэ үеэр онцолсон юм. Тухайлбал, ББСБ-уудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оноос 37 хувиар өсөж, 811.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээлийн үлдэгдлийн

  • 83.8 хувийг иргэдэд олгосон зээл
  • 16.2 хувийг хуулийн этгээдэд олгожээ. 

ББСБ-аас зээл авагчдын тоо ч өмнөх оны мөн үеэс 2.1 дахин нэмэгдэж, 217,000, харилцагчийн тоо нь 1.5 саяд хүрчээ. Хэрэглэгчдийн өсөлт ийнхүү эрс нэмэгдсэн нь технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотой гэсэн тайлбарыг СЗХ өгсөн юм. 

Харин ББСБ-ын дээрх чамгүй өсөлтийн шалтгааныг СЗХ-ны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодрууллаа. 

-ЖДҮХС-ийн зээлээс хууль бусаар авсан мөнгө ББСБ руу орж, иргэдэд өндөр хүүтэй очиж байна гэсэн хадлага нийгэмд төрөөд байгаа. Энэ тал дээр СЗХ хяналт тавьж чадаж байгаа юу?

-Санхүүгийн салбар их эмзэг. Хүмүүсийн итгэл дээр л тогтдог. Та бүхний сонирхож байгаа энэ мэдээлэл буруу эргэвэл санхүүгийн хямралыг ч дагуулах аюултай. СЗХ-ны хувьд энэ мэдээлэл дээр тодорхой хэмжээний дүгнэлт хийж байгаа. Тиймээс одоогоор мэдээлэх боломжгүй. Мэдээж гарсан үр дүнг мэдээлж, байр сууриа илэрхийлнэ.

-Тэгвэл шалгалт явагдаж байгаа гэсэн үг үү?

-Бид өөрсдийн хэмжээнд судалгаанууд хийж байна. Ер нь бол бид байр сууриа хатуу илэрхийлсэн. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгөнд бохир мөнгө орох боломж байхгүй. Яагаад гэвэл энэ нь хуулиараа маш өндөр шалгууртай. Тийм учраас орсон байхыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мэдээж хүмүүс хардаж байгаа байх. Тэрийг одоогоор хэн ч тогтоогоогүй. Бидний зүгээс тоон үзүүлэлтүүд дээр судалгаа хийж байна. 

-Хэрэв ЖДҮХС-гаас хууль бусаар авсан бага хувийн хүүтэй зээл ББСБ-д орсон нь тогтоогдвол мөнгө угаасан гэсэн үг. Энэ нь манай улсын Мөнгө угаах, терроризмтэй тэмцэхийн эсрэг явуулж буй үйл ажиллагаа цаашлаад Саарал жагсаалтаас гарах магадлалыг бууруулах эрсдэлтэй юү?

-Монгол Улс Мөнгө угаах гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон улсын байгууллагын Саарал жагсаалтад ороод, хар жагсаалт руу халтирах эрсдэлтэй байгаа. Үүнтэй холбоотойгоор Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо нэлээд ажил хийсний үр дүнд Саарал жагсаалтаас гарах эсэх асуудлын хугацааг сунгаж ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл сунгасан. Энэ нь бидний хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн гэж харж байгаа. 

Түүнээс гадна ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг мөнгө угаах биш, төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус үйлдэл, хариуцлага, ёс зүйтэй нь холбон авч үзэх нь зөв болов уу. Яагаад гэвэл үүнийг тогтоогоогүй байгаагаас гадна Монгол Улсыг хар жагсаалтад оруулах эрсдэлтэй. Олон улсын байгууллагууд хяналт тавьж, ажиглаж байгаа шүү дээ гэв.

Санхүүгийн зохицуулах хорооноос ийнхүү мэдээлэл хийх үеэр ББСБ-ын газрын орлогч дарга Б.Итгэлсүрэн мөн бохир мөнгө энэ салбарт ороогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгаагаа дуулгасан юм. Тэрбээр “СЗХ-ны гол ажлын нэг нь энэ салбарт орж ирж байгаа мөнгө хууль ёсны мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг хянах явдал. Энэ хүрээнд ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгө дээр орж ирж байгаа мөнгөнд хороо хатуу хяналт тавьдаг. Тухайн мөнгө ямар татвар төлөөд, яаж орж ирсэн бэ гэдгийг нарийн хянадаг тул ББСБ руу бохир мөнгө орох боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.