Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батдэлгэр: ЖДҮ-д ирэх ёстой 48 гаруй тэрбум төгрөг арилжааны нэг банканд байсаар байна

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус холбоо нь 2017 оны зургаадугаар сарын 14-нд ХХААХҮ-ийн сайдын А76 тоот тушаалаар батлагдсан ЖДҮХСангаас төсөл сонгон шалгаруулах журмыг яаралтай өөрчлөхийг Засгийн газраас шаардаж байгаа аж.

Учир нь тус тушаалаар олгох зээлийн хүү, хугацааны талаар тодорхой заалт байхгүй, олон нийтийн хяналт гэж байхгүй гэдгийг Баялаг бүтээгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэллээ. Энэхүү тушаалыг тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн гаргасан байна. Тиймээс түүнийг өөрт болон бусдад давуу байдал үүсгэсэн байх магадлалтай хэмээн үзэж АТГ-д шалгуулахаар гомдол гаргасан байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Баялаг бүтээгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр: ЖДҮХС-гаас 2018 он хүртэлх хугацаанд 900 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор гаргасан байдаг. 2018 оны дөрөвдүгээр сард сонгон шалгаруулалт зарлан 134 ААН-д 74.1 тэрбум төгрөгийг хуваарилсан гэж ХХААХҮЯ-наас манайд мэдээлсэн.

Анх 2016 оноос өмнө арилжааны банкаар дамжуулж, энэ зээлийг олгодог байсныг ХХААХҮ-ийн сайд 2017 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн А76 тоот тушаалаар батлагдсанаар зээлийг арилжааны банкаар дамжуулалгүй бодлогын зээл хэлбэрээр шууд ЖДҮХС-гаас олгодог болсон. Үүнээс өмнө арилжааны банкууд дамжуулан зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэж, зээлээ олгоод эргэн төлөлтийг санд төвлөрүүлэх ёстой байлаа. Гэтэл 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 48 гаруй тэрбум төгрөгийг нэгэн арилжааны банк Улсад төлөөгүй байна.

Улс түүнийг авч чадахгүй байсаар банктай жилийн 7 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийсэн. Тэр нь ЖДҮХС-гаас олгодог зээлтэй яг адил нөхцөлтэй. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой мөнгийг нэг банк өгөхгүй байна. Банк ийнхүү өгөхгүй байх сонирхолтой байгаа нь гэрээнд алдагданги нь сарын 0.4 хувь байгаатай холбоотой байж магад. Банк бол иргэдийн итгэл дээр тулгуурладаг учир одоогоор нэрийг нь зарлах боломжгүй.

 
Гэрэл зургийг mpa.mn

“Инахис” ХХК-ийн захирал Мөнхбаяр "Манайх хаягдал дугуйг дахин боловсруулж, хүүхдийн тоглоомын талбайн резинэн хавтан хийдэг. ЖДҮХС-д гурван удаа хандсан боловч дэмжлэг авч чадаагүй. Одоогийн манай үйлдвэрийг хүчин чадал нь цагт 150 дугуй бутлах хүчин чадалтай. Одоогоос хоёр жилийн өмнө анх тус санд хандахдаа үйлдвэрлэлээ өргөжүүлж, цагт 300 дугуй бутлах хүчин чадалтай болж, түүгээрээ төрөл бүрийн резинэн бүтээгдэхүүн хийхээр зорьсон. Манай компани байгуулагдсан цагаасаа хойш 8 сая дугуйг байгальд ээлтэй технологиор буталж, дахин хэрэглээнд оруулсан.

 
Гэрэл зургийг mpa.mn

“MCPT” компанийн Ерөнхий менежер Ч.Пүрэв “Манай компани шорлогны нүүрс үйлдвэрлэдэг. Дотоодын хэрэгцээний 60 хувийг хангаж байна. Бидний цаашдын зорилго дотооддоо төдийгүй гадны зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах байсан тул 2016 онд alibaba.com-д бүртгүүлж, БНХАУ-ын нэг компаниас бүтээгдэхүүн нийлүүлэх санал авсан. Ингээд манай үйлдвэр, бүтээгдэхүүнтэй танилцаад үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлвэл хамтарч ажиллая гэсэн.

Тухайн үед манай хүчин чадал сард 25 тонн шорлогны нүүрс хийх байсан тул үйлдвэрээ өргөтгөхийн тулд ЖДҮХС-д хандан зээл хүссэн. Хэрэв тухайн үед манайх зээл авч чадсан бол сардаа 200 тонн шорлогны нүүрс борлуулж, 80-90 хүнийг ажлын байртай болгох боломжтой байлаа. Бид арилжааны банкнаас 300 сая төгрөгийн зээл авахад жилийн хугацаанд 370-380 сая төгрөг болгож төлдөг. Гурван удаа хандсан. Гэтэл эргээд албан ёсны хариу огт өгч байгаагүй.

ЖДҮХС-д Төсөл сонгон шалгаруулах хороо гэж бий. Хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй, үүний гурав нь ХХААХҮЯ-наас, гурав нь ЖДҮХС-гаас нэг нь Төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрддэг.