Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан: Б.Батзориг сайдыг огцрууллаа гээд Монгол төр маргааш сайхан болчих юм уу

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Чуулганы танхимд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Хуралдаанд оролцож байгаа гишүүдийн хэлсэн үгнээс онцлов.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: ЖДҮ гэж нэг өвчин Монгол төрд гарлаа. Ерөнхий сайдын ярьж байгаатай санал нэг байна. Тогтолцооны шинэчлэл хийх цаг болсон. Б.Батзориг сайдыг огцрууллаа гээд бүх юм сайхан болохгүй. Б.Батзоригийг огцруулснаар Монгол төр маргааш сайхан болчих юм уу. Хоёр нам, хоёр хар хэрээ нэг нэгнээ муу хэллээ гээд сайхан болчихгүй шүү. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хоёр хэрээ нэг нэгнээ муу хэлээд төр сайхан болохгүй. ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Б.Батзориг сайд өргөдлөө өгч, бид огцруулж байна. Өргөдлөө өгсөн нь жишиг болохуйц үйлдэл. Энэ хүн өнөөдөр огцорч байгаа ч хэд хэдэн чухал ажлыг хийсэн. Тодорхой хэмжээнд салбартаа сайн ажилласан ч сангийн үйл ажиллагаатай холбоотойгоор улс төрийн хариуцлага хүлээж байгааг нь дэмжиж байна. 

Зээл авсан гишүүд ёс зүйн хариуцлагаа хүлээгээд ард түмнээс уучлалт гуйчихаач ээ. Мэдээж хууль хяналтын байгууллагууд шалгаад хэнд ямар хариуцлага тооцохоо шийдэх байх.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Нийгэм чинь төрийн ордон тойроод жагсаж байна. Өвөлжингөө, хаваржингаа жагсана. 47 тэрбумыг ЖДҮХС дээр тавьж болохгүй, банкаар дамжуулъя, шилэн болгоё гэж ярьсан. Ер нь бол телевизийн шоу Шарк танк шиг байдлаар зээл олгосон ч болно ш дээ. 

Хамгийн хөнгөлөлттэй зээлд дандаа дарга, сайд нар холбогдоод байхаар иргэд бухимдах нь аргагүй. Хулгай хийгээд баригдахаараа уучлалт гуйдаг жишгийг ард түмэндээ харуулж байна. Зөвхөн Б.Батзориг сайдаараа туг тахиад өнгөрч болохгүй байх. Өөр ямар сайдууд нэр холбогдоод байгаа юм. Энэ асуудлыг УИХ дээр нээлттэй ярих хэрэгтэй.

  • УИХ-ын гишүүн Л.Болд:  Бид нар өнөөдөр сайдын асуудал яриагүй. УИХ оршин тогтнох уу үгүй юу гэдгийг ярих хэрэгтэй байна. Чоно борооноор гэгчээр энэ хэргээр далимдуулаад Үндсэн хуульд халдах гэж байна. ҮХ-д өөрчлөлт оруулна гэдэг ийм УИХ-ын хийх ажил биш.

    Ийм ҮХ байгаа учраас намууд сонгууль бүрээр хариуцлагаа хүлээж ирсэн. Долоон удаагийн сонгуульд бүгдэд нь эрх баригчид ялагдаж ирснээс харж болно. ҮХ-ийн ачаар ЖДҮХС-ийн хэрэг илэрч байна. Өнөөдөр Монголын тусгаар тогтнолын үнэлгээ 950 сая үнэлгээтэй болохыг ҮХ өнөөдөр илчлэн харуулж байна. 
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Одоо энэ Засгийн газрын сангийн хуулиар 29 сан ажиллаж байгаа. Эдгээр сангуудын үйл ажиллагаа яаж явж байгааг харах цаг болсон байна. Хөгжлийн банкны хэрэг юу болсон бэ. АСЕМ-н мөнгөнөөс идсэн хүмүүс яахын эдгээр асуудлууддаа хариуцлага тооцохгүй юм уу.

    Зээлийн асуудлаар УИХ-ын гишүүдэд хүсэлт ирдэг. Надад ч ирсэн. Би Б.Батзориг сайдад хэлсэн. Үнэхээр шаардлага хангахгүй юм байна аа гээд хэлж байсан.

    Б.Батзориг сайдын хийсэн сайн юмыг хэлэх хэрэгтэй. Тариалан тарьдаг найзууд маань "Тариаланчдын хувьд хамгийн зөв сайд байсан" гэдгийг хэлж байгаа.