2019/09/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Габриелла Спирли: Монголын хүүхдүүдэд цэвэр агаараар амьсгалах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN

Хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлаг хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо өнөөдөр танилцууллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

2018-2021 оны хооронд хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мөн өвлийн улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах юм байна.

Хамтарсан хөтөлбөрийн нэр: Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө
Санал болгож буй нийт төсөв: 10,414,000 ам.доллар
Хамтарсан хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: 2018 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн 48 сар
Хамрах хүрээ /зорилтот хүн ам/: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон Баянхонгор аймгийн сургуулийн өмнөх насны хүүхдүүд, жирэмсэн ба хөхүүл эхчүүд.
"Байгаль орчин, эрүүл мэндийн салбарынхан цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Төслийн зорилгын талаар Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал, Ерөнхий консул Габриелла Спирли "Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх онц ноцтой хор уршгийн талаар ДЭМБ-аас сая гаргасан судалгаа дахин нотоллоо. Энэ баримт нотолгоо дэлхийн улс орнуудын хувьд түгшүүрийн дохио болох ёстой. Ялангуяа байгаль орчин, эрүүл мэндийн салбарынхан цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай байна.

Сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлж, дээрх салбаруудад онцгой ач холбогдол өгөн, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний үр дүнг баталгаажуулах ёстой. Тийм ч учраас Швейцарын хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн Сан бусад түнш байгууллагуудтай хамтран агаарын бохирдлоос үүдэх сөрөг нөлөөг бууруулахын тулд дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Монголын хүн ам, тэр дундаа хүүхэд багачууд жилийн турш цэвэр агаараар амьсгалж, эрүүл мэндийн чанартай сайн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэхийг бид зорьж ажиллана" хэмээсэн юм.

"Баянхонгор хотод тогтуун үед Улаанбаатар хотоос нэг их ялгарахааргүй харагдах утаатай орчин бий болдог"
 
Гэрэл зургийг mpa.mn

Төсөл хэрэгжих хоёр бүсийн нэг болох Баянхонгор аймгийн хувьд хамгийн их агаарын бохирдолтой аймаг болоод байгаа аж.

Энэ талаар тус аймгийн Засаг дарга Г.Батжаргал "Агаарын бохирдлын асуудал сүүлийн жилүүдэд зөвхөн Улаанбаатар хот гэхгүй хүн ам ихтэй аймгийн төвүүдэд бас тулгамдсан асуудал болоод байна. Манай Баянхонгор хотод гэхэд салхигүй тогтуун үед Улаанбаатар хотоос нэг их ялгарахааргүй харагдах утаатай орчин бий болдог. Энэ нь иргэдийн, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой.

Сүүлд гарсан статистик мэдээллээр манай аймгийн гурван хүүхэд тутмын нэг нь жил бүр амьсгалын замын өвчлөлийн улмаас эмнэлэгт хандаж байна. Мөн нийт амьсгалын замын өвчлөл тусах иргэдийн тоо жил ирэх тутам өссөөр байгаа нь бас санаа зовоох асуудал болсон" гэлээ.

Хамтарсан хөтөлбөрийн үндэслэл, зорилго, гарах үр дүн:

Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын бохирдол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэн тулгамдсан асуудал болсон бөгөөд агаарын бохирдлыг бууруулахад хамгийн багадаа 5-10 жилийн хугацаа шаардагдах тухай Агаар, орчны бохирдлыг арилгах тухай үндэсний хөтөлбөрт дурдсан байгаа.

Энэ хугацаанд эх, хүүхдийн эрүүл мэндэд учирч буй эрсдэлийг бууруулах талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн учраас хамтарсан төслийг эхлүүлж байгаа ажээ.

Төслийн хүрээнд баримт нотолгоог сайжруулах, байгууллагын чадавхыг бэхжүүлэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх, тэдгээрийн агаарын бохирдолд өртөх тохиолдлыг бууруулахад зорин ажиллах юм байна. Хөтөлбөрийн хүрээнд дараах үр дүнд хүрэхээр зорьж байгаа аж. Үүнд:

  1. Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэндийн талаарх тоо, баримт мэдээлэл цуглуулах, түгээх, судалгаа, дүн шинжилгээ хийх чадавх сайжирсан байна.
  2. Эрсдэлийг бууруулах арга хэмжээг газар дээр нь авсны үндсэн дээр сургуулийн өмнөх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд учрах эрүүл мэндийн эрсдэл буурсан байна.
  3. Эх, хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг үндэсний болон орон нутгийн зохих бодлогуудад тусгасан байна.
Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
 
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхэд эхийн хэвлийд бий болсон мөчөөс эхлэн агаарын бохирдлын сөрөг нөлөөнд хамгийн ихээр өртөж байдаг. Агаарын бохирдол нь амьсгалын замын халдвар, өвчлөлтэй холбоотой баримт судалгаа хангалттай бий. Гэтэл агаарын бохирдол хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг улам ихээр баталсаар байна. Сүүлийн үеийн судалгаанууд нарийн ширхэглэгт тоосонцор РМ2.5-аар амьсгалах нь бага насны хүүхдийн тархины эд эсийг гэмтээж, танин мэдэхүйн чадварт нь муугаар нөлөөлж болохыг тогтоосон.

Судалгаагаар хүүхдийн танин мэдэх чадавхад агаарын бохирдол шууд нөлөөлдөг бөгөөд сурах чадвар, ой тогтоолт болон бусад мэдрэл, зан үйлийн өөрчлөлтөд нөлөөлж буйг тогтоосоор байна. Жирэмсний үед агаар бохирдуулагчид ихсийг нэвтрэн ургийн тархины хөгжилд нөлөөлснөөр насан туршийн өөрчлөлт оруулах эрсдэлтэй байдаг. Жирэмсэн үеийн агаарын бохирдлын өртөлт нь 3 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн хоцрогдолтой шууд холбоотой байна. Улмаар бага насны хүүхдийн анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх хам шинж, сэтгэл түгших, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн болоод зан үйлийн өөрчлөлт илэрдгийг судалгаагаар тогтоосон. Бага насны хүүхдүүдийн дунд хийгдсэн өөр нэг судалгаагаар эхийн хэвлийд байхдаа агаарын бохирдолд өртсөн хүүхдүүдийн 5 настай үеийн IQ oнoo 4-өөр буурсан үзүүлэлт гарчээ ("Агаар дахь аюул" эрдэм шинжилгээний илтгэлээс, НҮБ-ын Хүүхдийн Сан, 2017).

 

x