Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос, Куба улсууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын эдийн засгийн хоригт орсон улсууд болох Хойд Солонгос, Кубын төрийн тэргүүнүүд стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон тухай Пёньяны төрийн мэдээллийн суваг өнөөдөр өглөө зарлажээ.

Кубын ерөнхийлөгч Мигуэл Диаз Канел Бермудез өчигдөр буюу Ням гарагт Пёньян хотноо Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзсан байна.

Энэ үеэр талууд “тулгамдаад байгаа нийтлэг асуудлуудын талаар санал солилцсон” болохыг KCNA (Korea Central News Agency) агентлаг мэдээлжээ.

Удирдагчид ямар асуудлаар ярилцсан тухай дэлгэрүүлээгүй ч тэд АНУ-ын зүгээс хоёр улс руу чиглэсэн эдийн засгийн хоригийг хэрхэн зөөлрүүлэх талаар ярилцсан нь тодорхой байна.

Цөмийн зэвсэг, баллистик пуужин бүтээж байгаагийнхаа төлөө Пёньян Вашингтоноос эдийн засгийн хоригоор шийтгүүлсэн бол иргэдээ Кубын арми, зэвсэгт хүчинд ашигтай эдийн засгийн харилцаанд оролцохыг нь АНУ хориглодог.

Саяхан Хойд Солонгос цөмийн зэвсгээс салах амлалт өгснийхөө хариуд эдийн засгийн хоригоо цуцлахыг Вашингтоноос шаардсан. Хоёр орон одоо болтол дипломат харилцаагүй байна.

Харин Куба улс 2015 онд Барак Обамагийн засаг захиргааны үед АНУ-тай дипломат харилцаагаа сэргээсэн боловч Дональд Трамп ерөнхийлөгч болсноор өмнөх засаг захиргааныхаа бодлогоос татгалзаж, Куба улстай харилцаагаа муутгаад байна.

Кубын ерөнхийлөгч Пёньянаас шууд Шанхай хотод айлчилж, тэнд нээгдэж буй Хятадын анхны Олон Улсын Импортын Экспо арга хэмжээнд оролцох юм.

 

Эх сурвалж: Associated Press