Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Каледони арлынхан Францын колони хэвээр үлдэх сонголт хийлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Номхон далайн өмнөд хэсэгт оршдог Шинэ Каледони арлынхан Ням гарагт Францын колониос салах эсэхээ бүх нийтийн санал асуулгаар шийдлээ.

Энэ удаагийн арга хэмжээ нь 30 орчим жил үргэлжилж байгаа колоничлолоос салах уугуул иргэдийн тэмцлийн үргэлжлэл юм.

Санал асуулгад оролцогсдын 80 орчим хувийн дүн гарахад 56.9 хувь нь колони хэвээр үлдээх сонголт хийжээ.

Урьдчилсан дүн гарсны дараа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон арлын иргэдэд хандаж үг хэлэхдээ “Шинэ Каледони Францынх хэвээр үлдэх сонголт хийлээ. Энэ бол Бүгд Найрамдах Франц Улс, түүний ирээдүй, үнэ цэнэд итгэл хүлээлгэж буйн илрэл юм” гэжээ.

1977 онд хамгийн сүүлд Дорнод Африкийн Жибути улс Францын бүрэлдэхүүнээс салж, тусгаар тогтносон. Үүний дараа болсон анхны тусгаар тогтнолын санал асуулгын хуудсанд “Шинэ Каледонийг бүрэн бие даалгаж, тусгаар тогтнуулахыг та дэмжиж байна уу?” гэсэн ганц асуултыг хэвлэсэн байна.

Макрон санал асуулгын дараа сэтгэл дундуур хүн амын хэсэг үлдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, тэдэнд Франц улс эрх чөлөө, тэгш эрх олгоно гэдгээ амлажээ.

Шинэ Каледоний уугуул иргэд болох Канак хүмүүс тусгаар тогтнохыг илүүд үздэг бол колоничлолын үед суурьшсан цагаан арьстнууд Парисаас хамааралтай байхыг дэмждэг.

1980 оны дундуур тэдний хооронд цуст мөргөлдөөн гарч байсан бол сүүлийн 10 жилд ойлголцолд хүрч, зөрчил тэмцэл нь буураад байгаа. Шинэ Каледони арлын захиргаа жил бүр Францаас 1.3 тэрбум еврогийн дэмжлэг авдаг. Дэлхийн никелийн нийлүүлэлтийн 25 хувийг хангаж, мөн аялал жуулчлалын орлогоор үлдсэн төсвөө бүрдүүлдэг.

Харьцангуй өөртөө засах өргөн эрх мэдэлтэй ч батлан хамгаалах, боловсролын салбар нь Францаас бүрэн хамааралтай. 1853 онд Францын колони болсон тус арал Номхон далай дахь тус улсын гол түшиц газар болдог.

1998 онд нутгийн уугуул иргэд болон Парисын эрх баригчдын хооронд хийсэн тохиролцоогоор 2022 он хүртэл дахин хоёр удаа тусгаар тогтнолын санал асуулга явуулж, олонх дэмжвэл тайван замаар Францын колоничлолоос салах юм.

 

Эх сурвалж: AFP