Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Miss world-2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа номын нээлтээ хийлээ

ikon.mn
2018 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Азхур номын их дэлгүүрт Монгол эхчүүдийн саруул ухаан шингэсэн номын хуримаа Miss world-2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа өчигдөр хийжээ.

“Сайн ээж - сайхан дэлхий" уриатайгаар дэлхийн гоо сайхны дэвжээнд хүчээ сорихоор зэхэж буй Э.Энхриймаа монгол эхчүүдийн алтан сургааль, нандин захиасуудыг цуглуулан цуврал ном бүтээхээр санаачилсны 100 ээжийн сургаалиас бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” номын нээлтээ хийж, олон нийтэд үнэгүй тарааж өгсөн байна.

 

Энэхүү арга хэмжээнд Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбоо, Одонтой ээжүүдийн холбооны төлөөлөл, Их засаг Их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургуулийн багш, оюутнууд, мисс Э.Энхриймаагийн ар гэрийнхэн, найз нөхөд, яруу найрагч, зохиолчид, урлаг, соёлын салбарынхан зэрэг түүнийг дэмжигчид оролцсон юм.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн өгөөмөр хайр, нинжин сэтгэл, үр хүүхдээ хүмүүжүүлэх хатан ухаан шингэсэн, үеийн үед дамжин өвлөгдөх үнэт сургаалиар дүүрэн шинэхэн номын нээлтийг морин хуурын уянга эгшиг, уртын дууны шуранхайгаар мялаасан зочид, дэмжигчдэдээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж мисс Э.Энхриймаа "Дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт хүчээ сорихдоо би “Ээж бүр үр хүүхдээ зөв, сайхан хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн маань олон асуудал, бэрхшээл цаад утгаараа шийдэгдэнэ” гэсэн санааг илэрхийлж “Сайн ээж - сайхан дэлхий” уриалгыг дэвшүүлж байна.

 

Энэ уриалгадаа зориулж монгол ээжүүдийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн шилдэг зөвлөгөөнөөс бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” цуврал номынхоо эхний номыг олон нийтэд толилуулж байгаадаа баяртай байна. Энэ дэлхий эхийн хайран дээр тогтдог. “Ээж ээ” гэж дуудахаар муу бүхэн арилдаг гэдэг. Тэгэхээр бүгдээрээ “Ээж ээ, би тандаа хайртай” хэмээн  сайн сайхныг даллан дуудаж, энэ номоо нээцгээе" гэлээ.

Мисс Э.Энхриймааг дэмжиж олон алдар нэртэй хүмүүс, одонт ээжүүд байсны дотор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, ая зохиолч, продюсер Б.Долгион “Монголын мисс тэмцээн анх зохиогдож эхлэхэд гоо бүсгүйг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд хоёр ч удаа орж байсан бол өнөөдөр миний дүү энэ тэмцээнээс гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа тодрон дэлхийн дэвжээнд өрсөлдөх болсонд маш их баяртай байна.

Гоо бүсгүй гаднах үзэмжээрээ ч, дотоод сэтгэлээрээ ч гэрэл гэгээ цацруулж, гялалзаж явах ёстой. Миний дүү гаднаа ч сайхан, дотроо ч оюунлаг, энхрий ялдам бүсгүй болохоор дэлхийн тэмцээнд амжилттай оролцож монгол бүсгүйчүүдийнхээ гадаад, дотоод гоо сайхныг сурталчилж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.