Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун аймгуудыг найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдлээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 11 сарын 2
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, төслийн хөрөнгө оруулалт болон татварын ил тод байдал, үр ашгийг дээшлүүлэх гэсэн хоёр төсөлд өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурлаа. 

Сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монголд анх удаа хөгжүүлэх, мөн татварын зохицуулалт, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг мэдээлэл, харилцааны технологи ашиглан сайжруулах зорилго бүхий эдгээр төсөл 85.6 сая ам.доллараар хэрэгжинэ. 

Тодруулбал, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэдүүлэх төслийн хүрээнд нар болон салхины эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий нийт 41 мВт хүчин чадалтай төвлөрсөн бус хангамжийн системийг Монгол Улсад хөгжүүлэх ажлыг хийх юм байна. Ингэснээр хөрш орнуудаас өндөр үнэтэй, нүүрсхүчлийн хийн өндөр ялгаруулалт бүхий цахилгаан импортолдог Монголын баруун бүсийн алслагдмал аймгуудад амьдарч буй 260,000 орчим иргэнийг цэвэр бөгөөд найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэх нь. 

Эл төсөлд АХБ-ны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээс гадна Уур амьсгалын стратегийн сангаас бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөрийн хүрээнд 14.6 сая ам.долларын буцалтгүй тусламж, Японы хамтарсан кредит олгох механизмын сангаас 6 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг тус тус олгох юм байна. 

Татварын удирдлагын нэгдсэн ситемийг нэвтрүүлнэ

Харин Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал төслийн хүрээнд татварын удирдлага, улсын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах зорилготой бөгөөд татвар төлөлтийг нэмэгдүүлэх, татвар төлөгчдөд үйлчлэх үйлчилгээг сайжруулах, ил тод байдлыг хангахад бодитой дэмжлэг үзүүлнэ гэж тооцож байгаа аж. 

Төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд татварын албаны татварын удирдлагын нэгдсэн ситемийг нэвтрүүлэх, ашиглахад шаардлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмж, сүлжээг шинэчлэх ажлыг хийх юм байна. Мөн улсын хэмжээнд эдийн засаг, нийгмийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын төслийг үнэлэх, сонгох, төлөвлөх, тэдгээрийг үр дүнтэй удирдан хэрэгжүүлэх, хянахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээлэл технологид суурилсан улсын хөрөнгө оруулалтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

"Эдгээр төсөл нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах болон төрийн санхүүгийн ашиглалт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ" хэмээн АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн хэлээд "Хүртээмжтэй өсөлтийг дэмжих, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн агуулгатай эдгээр хоёр төслийн зорилго яв цав нийцэж байгаа" хэмээн тэмдэглэв.