Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпоос хасагдахдаа тулаад байгаа боксын холбоог тэргүүлэхээр Узбек, Казах эрчүүд өрсөлдөж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Серик Конакбаев

Олон улсын сонирхогчдын боксын холбоо буюу AIBA өнөөдөр, маргааш хоёр Москва хотод хуралдаж, ерөнхийлөгчөө сонгох гэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч, Узбекистаны иргэн Гафур Рахимов дахин сонгогдох нь бараг тодорхой болоод байгаа. Гэхдээ Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ) хэрвээ Рахимов дахин сонгогдвол 2020 оны Токиогийн зуны олимпийн наадмаас боксын төрлийг хасна гэж анхааруулаад байна.

Учир нь Узбек бизнесмэн нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүд болон олон улсын мансууруулах бодис наймаалдаг сүлжээтэй холбоотой гэсэн шалтгаанаар АНУ-ын сангийн яамны хар жагсаалтад орсон хүн юм. Түүнийг боксын спортод авлига, шударга бус шүүлт нэвтрүүлж байгааг ОУОХ шүүмжилж, дотоод засаглалаа сайжруулахыг AIBA-гаас шаардсаар байна.

 
Гафур Рахимов

Харин Рахимовтой өрсөлдөх зориг гаргасан ганц хүн нь Казахстаны иргэн, 1980 оны олимпийн мөнгөн медальт Серик Конакбаев болоод байгаа юм.

Одоо 59 настай Конакбаев ерөнхийлөгчөөр сонгогдвол AIBA-гийн дотоод засаглалыг сайжруулж, олимпоос хасагдах аюулаас боксын спортыг аврахаа амлаж байна.

Гэхдээ тэр Рахимовыг шууд шүүмжлэхгүй байгаа юм. Өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Конакбаев “Ноён Рахимов AIBA-гийн ерөнхийлөгчөөр олон жил ажилласан хүн. Тэр боксын спортод хайртай, боксыг хөгжүүлэхийг хүсдэг. Гэхдээ ОУОХ-ны шүүмжлэл үндэслэлтэй гэж би бодож байна. Тиймээс бид асуудлыг нухацтай авч үзэж, муу үр дагавраас зайлсхийх хэрэгтэй байна” гэж ярьжээ.

Конакбаев нь одоо AIBA-гийн дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг. Гэхдээ түүнийг нэрээ дэвшүүлэхийг AIBA эхлээд хориглож, нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрийг нь хасаж байв. Сүүлд аравдугаар сарын 30-ны өдөр Спортын Арбитрын Шүүх түүнийг нэрээ дэвшүүлэх эрхтэй гэж дүгнэсэн юм.

Олон бэрхшээл давж, Рахимовын эсрэг ганцаар нэр дэвшиж байгаа түүний ялах магадлал бага байна. Гэхдээ олимпийн мөнгөн медальт Конакбаев “Нэр дэвшигч бүхэн сонгуульд ялахыг хүсдэг. Боксчин хүнийхээ хувьд би ч бас зөвхөн ялахыг хүсэж байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Associated Press