Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газар гадаад ажилчдын тоог нэмэгдүүлэх хуулийн төслийг дэмжлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Японы засгийн газар тус улсад ирэх гадаад ажилчдын тоог нэмэгдүүлэх хуулийн төслийг дэмжиж, парламентад хэлэлцүүлэхээр болжээ.

Цагаачлал бол дан ганц үндэстнээс хүн ам нь бүрддэг Япон улсад маргаантай, эмзэг сэдэв болдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүн ам нь хөгширч, ажиллах хүчний хомсдолд орсноор цагаачлалын бодлогодоо өөрчлөлт оруулахаас өөр замгүй болоод байгаа.

Тиймээс өнөөдөр дэмжсэн хуулийн төсөл нь Японы цагаачлалын бодлогод том өөрчлөлт авчрах юм. Шинэ хуулийн төслөөр гадаад ажилчдын тоог нэмэгдүүлж, тэдэнд зориулсан хоёр шинэ төрлийн виз гаргахаар болж байна.

Одоо Японд ажиллаж байгаа 1.28 сая гадаад ажилчдын тоог 40 хувиар буюу 500,000-аар нэмэгдүүлнэ. Ингэснээр Японы ажиллах хүчний 2 хувийг гадаад ажилчид бүрдүүлэх ажээ.

Нэгдүгээр ангиллын виз нь тодорхой мэргэжлийн суурь ур чадвар, япон хэлний мэдлэг шаардана. Ийм визтэй хүмүүс гэр бүлээ Японд дагуулж ирэх эрхгүйгээр 5 хүртэл жил ажиллах боломжтой байх гэнэ.

Харин хоёр дахь ангиллын ажилчид нарийн мэргэжлийнхэн байх ба тэд гэр бүлээ Японд дагуулан ирж, хэсэг хугацааны дараа оршин суух эрх олж авах боломжтой байх ажээ.

Ёмиури сониноос саяхан явуулсан судалгаанд оролцогсдын 51 хувь нь Япон улсад ур чадвар багатай гадаад ажилчдын тоог нэмэгдүүлэхийг дэмжсэн бол 43 хувь нь эсэргүүцэж, энэ нь нэг төрлийн цагаачлалын урсгалыг бий болгоно хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Reuters