Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бурхныг доромжилсон хэргээр цаазын ял сонссон эмэгтэй Пакистанаас дүрвэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт загалмайн шүтлэгтэй эмэгтэйг цаазын ялаас чөлөөлөх шийдвэрийг Пакистаны дээд шүүх гаргасан билээ.

Асиа Биби гэдэг энэ эмэгтэй исламын шашны зөнч Мухаммедыг доромжилсон хэргээр 2010 онд цаазын ял сонсоод байсан юм. Өнгөрсөн найман жилийн хугацаанд түүнийг шоронд ганцаарчлан хорьж байв.

Пакистаны дээд шүүхийн гаргасан түүхэн шийдвэрийн дүнд тэр суллагдаж, эрх чөлөөтэй болох гэж байна. Гэхдээ Исламын хатуу ёс заншлыг дагадаг Пакистаны хэт үзэлтнүүд Бибиг ялаас чөлөөлөгдөхийг эсэргүүцэн тэмцэл эхлүүлээд байгаа.

Тэмцэл хөдөлгөөн тус улсын Карачи, Лахор зэрэг том хотуудад дэгдэж, хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Пакистаны ерөнхий сайд Имран Хан ард иргэдээ тайван байхыг уриалсан ч үр дүнд хүрээгүй юм.

Тиймээс Асиа Бибиг аль шоронд байгаа, хэзээ суллагдах зэрэг мэдээллийг эрх баригчид нууцалж байна. Түүнийг суллагдмагцаа нөхөр, дөрвөн хүүхдийн хамт гадаадад цагаачлах гэж байгааг өмгөөлөгч нь мэдээлжээ.

Франц, Испани зэрэг хэд хэдэн улс Бибид улс төрийн орогнол олгохоо мэдэгдсэн байна.

1990 оноос хойш Пакистанд 65 хүн бурхныг доромжилсон шалтгаанаар исламын хэт үзэлтнүүдийн гарт амиа алдсан гэдэг. 2015 онд Асиа Бибиг өмгөөлсөн үг хэлж байсан Пунжаб мужийн захирагч бусдад алагдаж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press