Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Чулуу шидсэн дүрвэгчид рүү гал нээнэ гэж Трамп сүрдүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын өмнөд хил рүү ойртож байгаа Төв Америкийн орнуудын дүрвэгчдийн явган нүүдлийн талаар хатуу мэдэгдэл хийлээ.

Тэрээр амьдрахын эрхээр АНУ-ыг зорьж яваа хүмүүсийг эзлэн түрэмгийлэгчид, Америкийн аюулгүй байдлыг бусниулах зорилготой гэмт этгээдүүд гэж нэрлэсэн байна.

“Тэд Мексикийн цагдааг дийлсэн, Мексикийн цэргийг дийлсэн. Харин манай армийн цэргүүд рүү чулуу нүүлгэвэл яах вэ? Манай цэргүүд гал нээнэ. Би тэдэнд буугаа ашиглахыг зөвлөсөн” гэж Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Төв Америкаас гарсан дүрвэгчдийн явган цуваа АНУ-Мексикийн хилээс хэдэн зуун километрийн зайд ирээд байгаа. Трамп эдгээр дүрвэгчдээр далимдуулан ирэх долоо хоногт болох конгрессийн сонгуульд өрсөлдөгч Ардчилсан Намыг ялах төлөвлөгөөтэй байгаа нь улам тодорхой болж байна.

Тэрээр Ардчилсан Намын засаг захиргааны үед гарсан цагаачлалын хууль өнөөдөр АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж байгааг байнга ярьж байгаа.

Өчигдөр Трамп бас цагдаагийн аминд хүрсэн гэмт этгээдийг дүрвэгчидтэй, Ардчилсан Намтай холбож шүүмжилсэн сонгуулийн сурталчилгааг өөрийн твиттер хуудсаар тараажээ.

Уг видео сурталчилгаанд 2014 онд цагдаагийн хоёр офицерын амийг хөнөөсөн Мексикийн цагаач Луйз Бракамонтесын дүрсийг ашигласан байна.

Видеонд Бракамонтес шүүхийн өмнө англи хэлээр цаашид илүү олон цагдааг ална гэж хэлж байгааг харуулжээ.

Трамп уг видеоны тайлбарт “Ардчилсан Намынхан манай улс оронд юу хийснийг харахаар зэвүү хүрч байна. Бүгд Найрамдахчуудыг сонго!” хэмээн бичсэн байна.

Уг сурталчилгааны төгсгөлд “Ерөнхийлөгч Дональд Трамп болон Бүгд Найрамдахчууд Америкийг Дахин Аюулгүй болгоно!” гэж өгүүлжээ.

Гэвч Трампын сурталчилгааг Ардчилсан Намынхан төдийгүй, зарим Бүгд Найрамдахчууд ч хэм хэмжээнээс хэтэрсэн агуулгатай хэмээн шүүмжилж байна.

Трампыг хүчтэй шүүмжлэгч Бүгд Найрамдахчуудын нэг сенатор Жэф Флэйк “Ой гутмаар сурталчилгаа. Бүх Бүгд Найрамдахчууд үүнийг эсэргүүцэх хэрэгтэй” гэж твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: AFP