Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын пуужин осолдож, сансрын нисэгчдийг дэлхий рүү буцаасан үйл явдлын дүрс бичлэг

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Оросын сансрын агентлаг Роскосмос нэгэн дүрс бичлэгийг нийтэд үзүүлжээ. Уг бичлэгт аравдугаар сарын 11–нд сансарт хөөрсөн Союз пуужингийн ослыг үзүүлсэн байна.

Тус пуужингаар АНУ-ын Ник Хаг, ОХУ­-ын Алексей Овчинин нар хөөрч, олон улсын сансрын станцад хүрэх байсан юм. Гэвч пуужинд гэмтэл гарсны улмаас тэд буцаж газардсан билээ.

Союз пуужингийн эх биед байрлуулсан камерны бичлэгээс юу болсныг тодорхой харж болохоор байна. Казахстаны Байконур буудлаас хөөрсөн пуужинг өндөрт гарсан хойно уг осол болжээ.

Пуужингийн дөрвөн хурдасгуур эх биеэс нэгэн зэрэг салж, дэлхийд унахдаа шатаж устах ёстой байдаг. Гэтэл хурдасгууруудын нэг нь эх биенээс салахдаа буруу ажиллаж, пуужингийн шатахууны савыг цохисон байна.

Харин энэ үед аюулаас хамгаалах систем зөв ажиллаж, сансрын нисэгчдийн байгаа бүхээгийг пуужингаас салган холдуулж, улмаар газардах боломжийг олгожээ.

Үр дүнд нь хоёр нисэгч эсэн мэнд дэлхийд газардсан юм. Хэдийгээр Оросын пуужинд алдаа гарсан ч аюулаас хамгаалах систем нь найдвартай ажиллаж алдааг заслаа хэмээн дүгнэж болохоор байна.

Роскосмос тайлбарлахдаа хурдасгууруудын нэг нь пуужингийн эх биед ялимгүй хазгай (6 хэм орчим) суурилагдсан нь алдаа гарахад нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.

Одоогоор манай дэлхийн бүх сансрын нисэгчид Роскосмосын Союз пуужингаар сансарт нисэж, олон улсын сансрын станцад хүрч байгаа. Америкчууд 2019 оноос өөрсдийн пуужингаар хөөрдөг болохоор төлөвлөөд байгаа юм. Энэ зорилгыг биелүүлэхээр SpaceX, Boeing компаниуд ажиллаж байна.

Эх сурвалж: Mashable