Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Хар тамхитай тэмцэхэд багаж, техникт найдаад хэрэггүй”

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 11 сарын 2
Зууны мэдээ
Зураг зураг

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн 40-50 хувь нь хилээр нэвтэрдэг гэсэн мэдээлэл бий. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед улам өсөж, тэр хэрээр зохион байгуулалт, арга ажиллагаа нарийсаж байгаад дэлхий нийт анхаарал хандуулж байна. Монгол Улсын хувьд л гэхэд гаалийн байгууллага 2010-2016 онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 11 үйлдлийг таслан зогсоож, 9.4 кг бодис хурааж авсан байдаг.

Энэ мэтчилэнгээр өмнө нь кг-аар илрүүлдэг байсан бодис сүүлдээ маш бага граммаар орж ирж байгаа нь мансуурлын үйлчилгээ, өртөг өндөр, хэмжээ бага, зөөж тээвэрлэхэд эрсдэл багатай болж хувирч байна. Мөн ихэвчлэн байгалийн гаралтай олсны ургамал, героин тээвэрлэдэг байсан нь илрүүлэхэд харьцангуй хялбар байсан буюу тоног төхөөрөмж, рентген аппаратын хүчээр илрүүлж байжээ.

Гэтэл сүүлийн үед хар тамхийг хилээр оруулж ирэхдээ өөрийн биед биш ачаа, дайвар  тээш, карго,  шуудан илгээмж ашиглах зэргээр улам нарийн зохион байгуулалттай болж байгаа. Үүний нэг жишээ нь зорчигч үс, куртканы захандаа оёод оруулж ирж байгаа, 20-100 грамм  хэмжээтэй бодисыг хаанаа ч нуух боломжтой учраас зөвхөн багаж, төхөөрөмжийн хүчээр илрүүлэхэд байдаг аж.

Өнгөрсөн онд гаалийн байгууллага 12 холбогдогчтой есөн удаагийн үйлдэлд холбогдох 206 грамм мөс, 200 ширхэг ЛСД байж болзошгүй бодисыг илрүүлжээ. Тэр дунд шинэ төрлийн сэтгэц нөлөөт бодис 39 грамм, Анданте 112 капсулыг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Он гараад хоёр удаагийн тохиолдлоор хилийн боомтоор ачаанд хийж нэвтрүүлэх гэж байсан 30 грамм мөс, АНУ-аас захидал дотор хийж явуулсан каннабисын тосыг илрүүлж шалгаж байна.

Тиймээс хар тамхитай тэмцэхэд дэлхий нийтээрээ зөвхөн техник технологи, багажинд найдах бус шинэ төрлийн арга барил ашиглах шаардлагатай болжээ. Энэ талаар гаалийн байгууллагынхан “Ер нь багажинд 100 хувь найддаггүй. Багаж техник гаалийн байцаагчдын туслах зориулалтаар ашиглагддаг. Харин гаалийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлийн менежмент тооцож, хяналтаа зөв онилох, чиглүүлэх, тухайн зорчигчийг үр дүнтэй шалгах аргачлал бий” гэсэн мэдээллийг өгч байгаа юм.

Тэгвэл эдгээр өдрүүдэд Канад Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа элчин сайдын яамны Хатан хааны морьт цагдаагийн албанаас хар тамхи мансууруулах бодисыг илрүүлэх, тэмцэх шинэ төрлийн арга туршлага болоод урьдчилан сэргийлэх чиглэлээр манай улсын тусгай албадыг чадавхжуулж  байна. “Олон улсын нисэх буудлаар хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тээвэрлэх гэмт хэргийг мөрдөн шалгах арга аргачлал” сургалтад цагдаагийн алба хаагчдаас гадна хил,гааль, мэргэжлийн хяналт зэрэг энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг бусад төрийн байгууллагын ажилтнууд хамрагдаж байгаа юм.

Энэ үеэр Канадын цагдаагийн албаны атташе хар тамхийг амандаа авч явах тохиолдол элбэг байдаг. Сэжигтэнг хөлрөх, сандрах, бухимдах, хурдтай явах зэргээр биеийн хэлэмж, содон зан үйлээр нь ажиглалт хийж илрүүлэх боломжтой гэдгийг дурдаж байсан юм. Энэ удаагийн сургалтыг  Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн албаны төлөөлөгчид  семинар хэлбэрээр явуулж байгаа бөгөөд алба хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, санаачилгыг нэмэгдүүлэх, туршлага хуримтлуулах ач холбогдолтой гэж цагдаагийн байгууллагаас үзэж байгаа аж.

Сургалтын үеэр Канад улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсыг хамааран суугаа Канад улсын хатан хааны Морьт цагдаагийн албаны атташе Питр Цуйгаас цөөн асуултад хариулт авлаа.

–Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх шинэ арга барил шаардлагатайг сургалтын үеэр онцоллоо. Тэр дундаа манай улс энэ аюултай хэрхэн үр дүнтэй тэмцэх вэ?

-Хар тамхи мансууруулах бодистой тэмцэхэд албан хаагчдын ур чадварыг сайжруулах тал дээр түлхүү анхаарах нь хамгийн үр дүнтэй. Канад улсын Монголтой хуваалцах хамгийн гол туршлага бол алба хаагчдаа мэргэшүүлэх юм. Түүнээс хар тамхи, хууль бус мөнгөтэй холбоотой гэмт хэргүүдийг илрүүлэх,  тэмцэхэд техник, технологид найдаад хэрэггүй. Техник төхөөрөмжийг хоёрдугаарт тавих хэрэгтэй.

Монгол Улсын хувьд хар тамхи мансууруулах бодис, хууль бус мөнгөтэй холбоотой гэмт хэрэгт хамгийн чухал нь төрийн бодлогын түвшинд авч үзэж, хууль эрхзүйн орчныг нь сайжруулах хэрэгтэй. Мөн үүнтэй тэмцэж байгаа алба хаагчдыг сургахад тодорхой хэмжээний стандарттай болгох шаардлагатай. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд үр дүнтэй шилдэг туршлагыг цагдаагийн байгууллага, тэр дотроо эрүү, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтарч өргөн хэмжээний сургалт арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирлээ.

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг хилээр хязгаарлагддаггүй. Тиймээс бусад улс орнуудын ижил чиг үүргийн байгууллагатай хамтарч ажиллах, урьдчилан сэргийлэх тэмцэх арга туршлагаа сайжруулах нь нэн тэргүүний зорилт байх ёстой. Цагдаагийн ерөнхий газар Монгол Улсад суугаа Канад улсын Элчин сайдын яамтай хамтарч энэ чиглэлийн боломжоор хангаж байгаа нь чухал ач холбогдолтой.

–Тухайлбал, энэ чиглэлийн гэмт хэрэгтэй тэмцэх Канад улсын ямар шинэлэг туршлагаас алба хаагчидтай хуваалцаж байна вэ? 

-Сургалтаараа хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэхэд Канадын чухал шаардлагатай арга туршлагаас хуваалцаж байна. Гэхдээ яг ямар арга барилаар гэмт хэрэгтэй тэмцдэг юм бэ гэдгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярих боломжгүй байдаг. Өөөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгчид, үйлдэхийг завдагчдад нарийн мэдээлэл, аргаа зааж өгч байна гэсэн үг.

Гэхдээ хэлж чадах нэг чухал зүйл нь энэ удаагийн сургалтаар дамжуулаад Канад улсын сүүлийн зургаан сард хэрэгжүүлж амжилтад хүрсэн арга туршлагаасаа хуваалцаж байна. Хар тамхи мансууруулах бодисыг илрүүлэх хамгийн сүүлийн үеийн нэн шинэлэг арга туршлага гэж хэлж болно.

–Хар тамхитай тэмцэхэд Канад улсын мэргэжлийн байгууллагууд хэрхэн хамтарч ажилладаг вэ. Гаалийн байгууллага нь мөрдөх, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх байдаг уу?

-Канад улсын Морьт цагдаагийн албаны үүрэг чигээс Хилийн аюулгүй байдлын хамгаалах албаны үүрэг огт өөр байдаг. Аюулгүй байдлыг хамгаалах байгууллагын үүрэг бол улсын нутаг дэвсгэрийг гадны элдэв халдлага хууль бус үйл ажиллагаа нэвтэрч орохоос хамгаална. 

Канад улсын хилийн боомтууд дээр хилийн аюулгүй байдлыг хамгаалах албаны ажилчид цагдаагийн чиг үүргийг давхар гүйцэтгэдэг. Хууль бус үйлдлийг илрүүлж хэргийг Канадын хатан хааны Морьт цагдаагийн албанд шилжүүлдэг. Ингэж гүйцэтгэх ажиллагаанд өргөн цар хүрээтэйгээр  Канадын Хатан хааны морьт цагдаагийн алба, хилийн аюулгүй байдлыг хариуцсан албатай нягт хамтарч ажиллахаас гадна энэ чиглэлийн асуудалд аюулгүй байдлын таван албатай хамтардаг.

–Танай улсад хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт оноох ялын бодлого, хууль эрхзүйн орчин ямар байдаг вэ?

-Өөр хоорондоо адилхан гэмт хэрэг гэж байдаггүй учраас ял шийтгэл өөр. Бид гэмт хэргийг илрүүлээд холбогдох баримтын хамт шүүхийн байгууллагад шилжүүлдэг. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт оногдуулах ялын хувьд цагдаагийн байгууллагаас шүүхэд шилжүүлсэн нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн хувь хүн, төрөл шинжээс хамаардаг. Ялын хэмжээний хувьд сануулга өгөх, мөнгөн хэлбэрээр торгох, эсвэл насан туршид нь хорих хуультай.

Энэ үеэр Монголын хил, гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа алба хаагчдаас зарим зүйлийг тодрууллаа.

О.Тэмүүлэн: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ГУРВАН ТӨРЛИЙН БАГАЖ АШИГЛАДАГ

Буянт-Ухаа дахь хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч 

-Мэргэжлийн хяналтын байгууллага рентген, эрэлч нохойноос гадна ачааг задлахгүйгээр уян дурандаагаар хардаг гурван төрлийн багаж ашиглаж байна.  Хилийн зөрчлийг ихэнхдээ рентгенээр илрүүлдэг. Зорчигчдыг онгоцноос буухад нь термометрийн камераар харж сэжигтэй тохиолдлыг илрүүлдэг бол бодисыг рентгенээр шалгаж байна. Энэ онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг зөрчил илрээгүй.

Харин хувийн хэрэглээний гэх зориулалтаар лицензгүй эмтэй холбоотой зөрчлүүд бүртгэгдсэн байгаа. Канадын цагдаагийн байгууллагын сургалтаар ярьсанчлан бусад улс орнууд хувь хүний биеийн хэлэмж байдлыг харах зэргээр ажиглалтын аргуудыг үр дүнтэй хэрэгжүүлдэг юм байна.

У.Баатархуяг: ДАЙВАР АЧАА АВЧ ЯВАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

ТЦА-ны Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн офицер, цагдаагийн дэслэгч 

-Цагдаа гэлтгүй хил гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд иргэдийг хар тамхи мансууруулах бодисоос сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж байна. Сануулах сэрэмжлүүлэх хуудас тараадаг. Олон улсын нислэгээр зорчиж байгаа зорчигчдын хувьд дайвар ачаа авч явах эрсдэл өндөр байдаг. Мөн гаалийн бичиггүй эм, тариа авч явж байна.

Бусад улс орнууд хар тамхи мансууруулах бодистой шинэ аргаар тэмцэж байгаагийн нэг хэлбэр нь ажиглалт. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмж, эрэлч нохойнд найдахаас илүү хувь хүний сонин содон үйлдэл, шинжийг ажиглаж илрүүлэхэд хууль хяналтын байгууллагын алба хаагчид нь мэргэшиж байна.

Зураг