Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 зүйл заалтаар шалгагдаж байсан дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, хэргийг шүүхэд шилжүүллээ.

Шүүхийн албан ёсны мэдээлэлд:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд: Урдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Б.Амархүү, Б.Гандаваа нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдааныг 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 15:00 цагт хийхээр товлосон байна. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар


Хуулийн заалт:

11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.