Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан: С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хаагдаж байгаа талаарх прокурорын мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шалгах, захиалагчийг олон түмэнд зарлана гэж гарч ирсэн эрх баригч нам, намын албан тушаалтнууд өнөөдөр С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хааж байгаа нь хууран мэхлэлт, тархи угаалт хийж байна.

Хуулийн дагуу аваад үзвэл хөөн хэлэлцэх холбоотой асуудлууд байгаа. Соёлын өвийн олон гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж эрх баригч нам хаасан. Одоо ч авлига, албан тушаалын олон гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мөрдөн шалгах ажиллагааг хааж байна. Эрх баригч намын удирдлагуудад хэлэхэд хөөн хэлэлцэх хугацааг хуулиар сунгаж болно.

Соёлын өвийн гэмт хэрэг, төрийн өндөр албан тушаалтны амь насыг хөнөөсөн, бүх насаар нь хорих ял шийтгэсэн, бүх насаар нь цаазын ял өгч байгаа гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг хэрэгсэхгүй байхаар УИХ, дээд шатны байгууллагууд шийдвэр гаргах бүрэн боломжтой. Бид хуулиа өөрчлөх бүрэн боломжтой.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан. 1998 онд үйлчилж байсан эрүүгийн хуулийг бариад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж өнөөдөр асуудлаас бултах гэж байгаа бол бид хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлье. Энэ Засгийн газар Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлана, хэргийн материалыг ил болгоно гэж амалж гарч ирсэн" гэв.