Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн шинэ Macbook зөөврийн компьютерууд чагнахаас хамгаалах чиптэй болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэ онд шинээр худалдаанд гарч байгаа Apple компанийн Macbook зөөврийн компьютерууд чагнаж, тагнахаас хамгаалдаг системтэй болжээ.

Компьютер дотор байрлах T2 нэртэй тусгай чип нь дэлгэцийг буулгасан үед микрофоныг автоматаар салгадаг байна.

Өөрөөр хэлбэл хаалттай байгаа зөөврийн компьютерт нууц програм ажиллуулж, ойр орчмын яриа, дуу чимээг сонсох, бичиж авах боломжгүй болжээ.

Apple-ийн техникийн бичиг баримтад бичсэнээр бол T2 чип нь програмын аргаар бус, төхөөрөмжийн түвшинд (hardware) микрофоныг салгадаг тул гадны програмууд буцааж холбох ямар ч боломжгүй гэнэ.

Тэр ч байтугай Mac OS үйлдлийн системийн цөм болсон root, kernel-ийн түвшинд, Т2 чипний өөрийнх нь програмын түвшинд ч хандаж, идэвхжүүлэх боломжгүй ажээ.

Харин камерны хувьд нэгэнт дэлгэц хаагдахад үзэгдэх орчин дагаж хаагддаг тул ийм хамгаалалт хэрэггүй гэж Apple үзжээ. Шинэ чип нь бас дискэн дэх мэдээллийг Apple File System (APFS)-д хувирган кодлох ажлыг гүйцэтгэх процессорыг дотроо багтаадаг, Touch ID хурууны хээг хадгалах давхар үүрэгтэй юм байна.

Apple-ийн компьютеруудыг нууцлал, аюулгүй байдлын хувьд дээд зэрэглэлийн хэмээн саяхныг хүртэл үздэг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд хакерууд системд нь нэвтэрсэн тохиолдлууд гарах болсноос ийм сайжруулалт хийсэн байна.

 

Эх сурвалж: TheNextWeb