Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртөж байна​

Г.Номин, iKon.mn
2018 оны 10 сарын 31
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгаа"-ны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Сүрьеэгээр өвчлөгсдийн 45.5 хувь нь ажилгүй болсон байна

Монгол Улс 1994 оноос эхлэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шууд хяналттай богино хугацааны эмчилгээг хэрэгжүүлж байгаа болон сүрьеэгийн эмчилгээний онцлогийн талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Сүрьеэгийн эмчилгээг 6 сараас 2 жилийн хугацаанд тасралтгүй хийлгэх ёстой байдаг. Монгол Улс болон дэлхийн олон улс оронд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардал, тухайлбал гаж нөлөөний эм, унааны зардлыг үйлчлүүлэгч өөрөө гаргах ёстой болдог. Эдгээр зардал нь сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд санхүүгийн дарамт учруулсаар байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан өвчтөнүүд эмчилгээгээ таслах, ингэснээр бусад хүмүүст халдвараа тараах эрсдэл нэмэгдэх аюултай.

"Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгаа"-ны дүнгээс харвал, эмэнд тэсвэртэй сүрьеэтэй (ЭТС) өвчтөнүүдийн дунд ажилгүйдэл 11 хувиас 37 хувь, мөн хөдөлмөрийн чадвараа алдах байдал 4 хувиас 30 хувь хүртэл нэмэгдсэн байна.

Харин эмэнд мэдрэг сүрьеэтэй хүмүүсийн хувьд ажилгүйдэл 11 хувиас 43 хувь, хөдөлмөрийн чадвараа алдах байдал 5 хувиас, 10 хувь хүртэл өсжээ. Мөн сүрьеэгээр өвчилснөөс болж нийт өвчтөний 39 хувь нь зээл авахад хүрч, 45.5 хувь нь ажилгүй болсон гэх дүн гараад байгаа.

ДЭМБ-аас 2030 он хүртэл үргэлжлэх сүрьеэтэй тэмцэх стратегийг баталсан. Уг стратегид сүрьеэгээр өвчлөгсдийн гэр бүлд ирэх санхүүгийн дарамтыг тэглэх томоохон зорилт тавиад байна" хэмээн ярилаа.

ДЭМБ тодорхойлсноор сүрьеэ өвчний улмаас учирч буй санхүүгийн дарамт гэдэг нь нийт зардал өрхийн жилийн орлогын босгоос /энэ судалгаанд босго нь 20 хувь/ хэтэрсэн зардлыг хэлнэ. Ерөнхийдөө, сүрьеэтэй өвчтөнүүдийн гуравны нэг нь “ноцтой” болон “маш ноцтой” санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг ба тэдгээрийн гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртөж байгааг судалгааны үр дүнд дурджээ.

"2020 он гэхэд сүрьеэгээр өвчилсөн иргэдийн ар гэр дэх санхүүгийн дарамтыг тэглэх зорилт тавьсан"

Энэ талаар ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица "ДЭМБ-ын стратегийн хүрээнд Дэлхийг сүрьеэгүй болгох зорилгыг дэвшүүлсэн. Уг зорилгоо биелүүлэхийн тулд гурван зорилт тавьж байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Нэгдүгээрт, Сүрьеэгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгч төвтэй байдлаар хүргэх,
Хоёрдугаарт, Дэмжлэгт тогтолцоо болон маш сайн бодлогыг бий болгох шаардлагатай
Гуравдугаарт, Судалгааг эрчимжүүлж, шинэчлэлийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна.

Түүнчлэн 2020 он гэхэд сүрьеэгээр өвчилсөн иргэдийн ар гэр дэх санхүүгийн дарамтыг тэглэх том амбицтай зорилт бий. Сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч эмнэлгийн бус зардал тухайлбал унааны, эмийн гаж нөлөөний үед уух эмийн гэх мэт зардлууд гардаг. Эдгээр зардлаас шалтгаалаад сүрьеэтэй өвчтөн эмчилгээгээ бүрэн гүйцэд, тогтвортой хийлгэх боломжийг хязгаарлаж, эмчилгээ тасалдахад хүрдэг. Үүнээс шалтгаалан эмчилгээ үр дүнд хүрэхгүй байх, бусдад халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна" хэмээсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгаа"-ны үр дүнгээс харахад сүрьеэ өвчин нь Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй, ядуу амьдралтай, эмнэлэгт хэвтсэн болон шууд хяналттай богино хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд нь сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөх эрсдэлтэй бүлэг болох нь тодорхойлогджээ.

Тиймээс сүрьеэтэй тэмцэх талаар дэлхийн чиг хандлагатай улсын бодлогыг нийцүүлэх, сүүлийн үеийн судалгааны дүнг хэлэлцэх, цаашид авах арга хэмжээг боловсруулах зорилгоор арваннэгдүгээр сарын 1, 2-нд "Тогтвортой хөгжийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа" чуулганыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан талаар мэдээллийг хэвлэлийн хурлын төгсгөлд өглөө.