Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Эх газар ба арал

ikon.mn
2018 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Далайд гарцгүй Монгол орон далайгаар хүрээлэгдсэн Тайвань арлаас 53 дахин том газар нутагтай ч хүн ам нь 7.7 дахин бага, амьжиргааны түвшин ч ялгаатай. Гэвч өнөөгийн ертөнцөд бид хаана, хэрхэн амьдарч буйгаас үл хамааран хүрээлэн буй орчны нэгэн ижил асуудалтай тулгараад байна. Энэ нь Монгол, Тайванийн контемпорари урлагийн солилцооны хүрээн дэх “Эх газар ба Арал” буюу IS/IN LAND үзэсгэлэнгийн үүтгэл болжээ. 

Тус солилцооны хөтөлбөрийн хүрээнд Тайпейгийн Куанду дүрслэх урлагийн музей О.Энхтайван, Ё.Төгөлдөр, Т.Энхболд, С.Ганзүг, Г.Мөнхболор, Ц.Даваажаргал, Жу Шао Чи, Ли Чен Лиан, Ли Лин Лин, Дү И Фан, Лин Чен Вэй, Tree Tree Tree Person Тарако урлангийн хөтөлбөрийн хамтарсан үзэсгэлэнг долдугаар сарын  20-ноос есдүгээр сарын 23-ныг хүртэл толилуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр уран бүтээлч С.Ганзүг, Ц.Даваажаргал нар Тайпей хотыг тойрон хүрээлсэн сүрлэг уулсыг сүслэн хөдөлгөөн, дуу авианы харилцан үйлдэл хийсэн нь онцлууштай.

Харин энэ удаад Улаанбаатар хотын "Art Space 976"-д толилуулж буй үзэсгэлэнд Монголоос Д.Баярцэцэг, Л.Мөнгөнцэцэг, Тайваниас Жу Шао Чи, Као Я Тин, Ли Чен Лиан, Ли И Фан, Лин Чен Вэй, Лин Гуан Мин нар оролцож байна. Улаанбаатарт болж буй үзэсгэлэнгийн өмнө Тайванийн уран бүтээлчид Монголын хөдөө орон нутагт амьдарч, судалгаа хийсэн юм.

Тэд газар нутагтай холбогдон үүсэж буй эдийн засаг, нийгэм, улс төр, байгаль орчин, ёс зүй, хүйн холбоот асуудлуудыг хөндөн урлагаар дамжуулан илэрхийлж буй бөгөөд үүнээс улбаалсан бодол эргэцүүлэл, харилцан яриаг өрнүүлэхийг санал болгож байна. 

Түүнчлэн Монгол, Тайванийн хамтарсан эл төсөл нь залуу уран бүтээлчдийг хооронд нь холбож, үзэсгэлэн, мэргэжлийн асуудлаар харилцан ярилцахын сацуу өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй газар нутгаар аялж, соёлыг нь таньж мэдэх боломжийг олгохыг зорьсон тухай төслийн куратор Такамори Нобуо онцоллоо. 

 

976 Art Space - Б.Индра
2018.09.12-11.04