Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга С.Батболд Бээжингийн нисэх онгоцны буудал түшиглэсэн гаалийн баталгаат агуулахад зочлов

ikon.mn
2018 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын нисэх онгоцны буудалд түшиглэсэн гаалийн баталгаат агуулах, олон улсын буухиа шуудан, худалдааны чөлөөт бүс бүхий Шүнь-И дүүрэгт 10 дугаар сарын 24-ний өдөр зочлов.

Шүнь-И нь Бээжин хотын зүүн хойд хэсэгт, хотын төвөөс 30 км-ийн зайд оршдог, нийт 1,021 хавтгай дөрвөлжин км талбай эзэлдэг дүүрэг ажээ. Тус дүүрэг шинэ хотын бүтээн байгуулалтын нэг төв цэг төдийгүй Бээжингийн олон улсын нисэх төв буудлын зангилаа бүсэд тооцогддог байна.

Олон улсын нисэх онгоцны буудлын зэргэлдээ оршдог тул бараа, бүтээгдэхүүн, ачаа тээшийг асар богино хугацаанд гаалийн баталгаат агуулах, худалдааны чөлөөт бүсэд татан авчрах боломжтойгоороо онцлог юм. Тэнд хүлээн авсан бараа, ачаа тээшийг кодоор нь дамжуулан шалган нэвтрүүлэх дамжлага, гаалийн баталгаат агуулах, хил дамнасан цахим худалдааны төв зэрэг 23 аж ахуйн нэгж ажиллаж, өдөрт дунджаар 20 мянган ширхэг бараа хүлээн авдаг аж.

 
 
 

Цахим худалдааны төвд дэлхийн 10 гаруй орны барааг худалдаалж байна. Тус төвд ХБНГУ, Аргентин, Шинэ Зеланд зэрэг орны нэрийн барааны дэлгүүрүүд ажилладаг бөгөөд удахгүй Улаанбаатар хот өөрийн дэлгүүрээ нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа төвийн удирдлагууд хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын ойролцоо нисэх онгоцны шинэ буудал баригдаж, удахгүй ашиглалтад орох гэж буйг онцлоод түүнийг түшиглэн баригдах Аэросити дагуул хот нь Шүнь-И дүүргийн нэгэн адил худалдаа, ложистик, тээврийн зангилаа бүс болно хэмээн төвтэй танилцах үеэрээ хэлж байлаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс