Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

ТУРШИЛТ: Цэвэрлэх байгууламж, ДЦС-4 болон 3 үйлдвэрт бохирдуулах бодис, хаягдлын тооллого хийж байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчин, аялал жуулчлалын яам НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн /UNITAR/-тэй хамтран энэ сарын 15-26 ны өдрүүдэд Төв цэвэрлэх байгууламж, ДЦС-4, MCS Кока Кола ХХК, АПУ ХК, Монос ХХК зэрэг эрчим хүч, хог хаягдал, арьс шир, ундаа, гоо сайхны үйлдвэрүүдийн бохирдуулах бодис ялгаруулж байгаа эх үүсвэрүүдтэй танилцан хаягдлын тооллого хийх аргачлалыг туршиж байна.

Энэ хүрээнд “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-г олон нийтэд таниулах сургалт, семинар өнөөдөр боллоо.

 

Семинарыг нээж БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган "Бидний хувьд “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-г бий болгох эхний алхмаа хийж байна гэж ойлгож болно.

Европын орнууд, Азийн орнуудаас БНХАУ, Япон зэрэг улсууд уг системийг нэвтрүүлээд явж байгаа сайн туршлага байна. Манай төслийн баг дээр дурдсан сайн туршлагуудыг судалж, бохирдуулах бодис ялгаруулж байгаа эх үүсвэрүүдтэй танилцан хаягдлын тооллого хийх аргачлалыг туршиж байна.

Олон улсад түгээмэл бохирдуулагч бодист хүлэмжийн хий, хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор, ус бохирдуулагч бодисууд буюу нийт 100 орчим бодисыг тооцож, тэдгээрийг ялгаруулсан тохиолдолд мэдээлэх үүргийг ААН-үүд нь хүлээдэг.

“Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-г бий болгохын ач холбогдол юу юм бэ гэдэг асуудлаар НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн зөвлөх ААН-үүдэд сургалт семинар зохион байгуулж байна.

ААН-үүд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, байгаль орчинд үзүүлж буй бүх төрлийн сөрөг нөлөөллийг арилгах чиглэлээр арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Тэгэхээр хаягдлын тооллого хийх аргачлалыг өөрийн үйлдвэр дээр турших нь үүргээ биелүүлж буйгаас гадна үндэсний систем бий болоход бэлэн байдлаа хангасан байх давуу талыг олгож байгаа. Энэ утгаараа ААН-үүд төслийг нааштай хүлээн авч, тооллого хийх аргачлалыг туршиж байна" хэмээсэн юм.

“Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-г бий болгох туршилтын төслийн хүрээнд Төв цэвэрлэх байгууламж, ДЦС-4, MCS Кока Кола ХХК, АПУ ХК, Монос ХХК зэрэг ААН-үүдээс мэдээлэл цуглуулах ажил үргэлжилж байгаа ажээ. Туршилтын төслийн хүрээнд цугласан мэдээллээ ашиглан цаашид олон улсын хандивлагч байгууллагуудад хандан үндэсний хэмжээний систем бий болгох төсөлд санхүүжилт татах төлөвлөгөөтэй байгааг БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган хэлж байлаа.

 

Бохирдуулах бодисын ялгарал шилжилтийн бүртгэл гэж юуг хэлдэг, үүнийг судлах нь ямар өгөөжтэй талаар НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн зөвлөх Андреа Караро "Жил бүр тухайн улсад буюу орчинд ялгарч буй хорт бодисыг бүртгэх зорилготой нэгдсэн системийг бий болгох ажлын эхлэлийг бид тавиад байна. Системийн мэдээлэл газрын зураг дээр зураглал байдлаар хийгдэнэ.

Мөн бохирдуулагч эх үүсвэрийн төрлөөр, бохирдож буй орчноор нь тухайлбал, агаар, хөрс, ус гэх мэтээр ангилан харуулна. Аюултай бодисын ялгарлыг бас ялгаж салган харуулах юм. Энэ бүх мэдээлэл нэгдсэн байдлаар байршиж, жил бүр тайлан гаргадаг.

Ингээд системээс эрх бүхий байгууллагуудад тайлан хүргүүлэх бөгөөд олон нийт ч бохирдлын талаар мэдээлэл авах боломж бүрдэнэ. Түүнчлэн үйлдвэр, ААН-үүд өөрсдөө үүн дээр дүн шинжилгээ хийж, ялгаруулж буй бохирдлоо хэрхэн бууруулах болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх санал санаачилга гаргаж болно.

Ерөнхийдөө ил тодын зарчим хангагдах учраас орчны бохирдлын талаарх ойлголт мэдээлэл шинэ түвшинд очих, байгааль хамгаалалд иргэдийн оролцоо нэмэгдэх боломжтой" хэмээн тайлбарлав.