Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Араб сэтгүүлчийн аллагын хэрэг Ойрх Дорнодын хүчний харьцааг өөрчилж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 2-нд Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт хувийн бичиг баримт хөөцөлдөхөөр очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггийн хэрэг Ойрх Дорнодын бүс нутгийн хүчний харьцаанд санаанд оромгүй өөрчлөлт авчирлаа.

Энэ явдлын үр дүнд Саудын Араб, АНУ-ын харилцаанд хүндрэл гарч, Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганд давуу тал бий болж байна.

Саудын Араб, Турк хоёр нь муслимын ертөнцийг захирах хүсэлтэй том өрсөлдөгчид. Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед Бин Салман (МБС) өөрийгөө шинэчлэгч, дэвшилтэт үзэлтэн, Америкийн талыг баримтлагч гэж харуулснаар сүүлийн жилүүдэд Вашингтоны дэмжлэгийг ихээр аваад байгаа.

Харин Турк улс Сири дэхь Курдүүдийн асуудал, Ираны хориг, 2016 оны төрийн эргэлт гэсэн олон асуудлаар АНУ-тай маргаан зөрчилтэй хэвээр байна.

Гэтэл Хашоггийн хямрал Турк улсад Саудын Арабын нэр төрийг гутааж, АНУ-тай харилцаагаа сайжруулах ховор боломжийг олгож байгаа юм.

Өчигдөр Туркийн ерөнхийлөгч Эрдоган парламентын бүлгийн хурал дээр Хашоггийн аллагын талаар “нүцгэн үнэн”-ийг дэлгэнэ гэж зарлаад байв. Гэвч хэрэг дээрээ тэр өмнө нь Туркийн хэвлэлүүдээр ил гарч байсан мэдээллээс илүү зүйл ярьсангүй. Сонирхолтой нь Эрдоган хэлсэн үгэндээ аллагын гол захиалагч гэгдэж байгаа МБС-ийн нэрийг огт дурдаагүй юм.

Эрдоганыг үг хэлэхийн урд өдөр АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны дарга Жина Хаспел Анкарад ирсэн. Ажиглагчид Эрдоганы амыг барихын тулд Саудын Араб Анкаратай ямар нэг тохиролцоо хийсэн гэж үзэж байна.

Ямартай ч Эрдоган зорилгодоо хүртлээ Хашоггийн аллагын хэргээр тоглосоор байх бололтой.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын эрх баригчдыг хатуу шүүмжилсэн үг хэлж эхэлсэн байна. Тэрээр сэтгүүлчдэд ярихдаа “Аллагыг тун тааруу зохион байгуулж, нуун далдалсан нь илт байна. Түүхэнд гарч байсан гэмт хэргийн хамгийн муу нуун далдлалт энэ байх” гэж хэлсэн юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр бас Саудын Арабын зарим хувь хүмүүсийг хар жагсаалтад оруулж, шийтгэл оногдуулахаар төлөвлөж байгааг сэтгүүлчдэд дуулгасан байна. Аллага болоод гурван долоо хоног болж байхад Вашингтон Саудын Арабт хангалттай хатуурхаж чадахгүй байгаа.

Трамп Саудын Арабтай хийх зэвсгийн худалдаагаа зогсоож чадахгүй гэдгээ өмнө нь хэлж байсан бол сэтгүүлч Хашоггийг АНУ-ын иргэн биш хэмээн мэдэн будилж байв. Үнэндээ Хашогги нь АНУ-Саудын Арабын давхар иргэншилтэй нэгэн байжээ.

Өчигдөр болсон нэгэн сонин үйл явдал бол Саудын Арабын эзэн хаан Салман, ханхүү Мохаммед Бин Салман нар алагдсан сэтгүүлчийн хүү Салах, Сахел нарыг ордондоо хүлээн авч уулзаж, эмгэнэл илэрхийлсэн хэрэг байв.

Хаан Салман энэхүү хэргийг зохицуулахын тулд ханхүүгээс эрх мэдлийг түр салгаж, өөртөө төвлөрүүлээд байгаа гэсэн яриа бий. Энэ нь үнэн болохыг дараах зурагнаас харж болно. Саудын Арабын төрийн хэвлэлд гарсан зураг дээр талийгаачийн хөвгүүдтэй уулзахад голлон мэндчилж байгаа хүн нь эзэн хаан Салман байгаа юм.

 

Хашоггийн хүү Салах нь АНУ-Саудын Арабын давхар иргэншилтэй боловч хаант улсын эрх баригчид хил давахыг нь хориглоод байгаа. Тиймээс энэхүү зураг үнэхээр эмгэнэл илэрхийлсэн үйл явдлыг харуулав уу, эсвэл зохион байгуулалттай суртал нэвтрүүлгийн зураг байв уу гэдэг нь эргэлзээтэй байна.

 

Эх сурвалж: Quartz