Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

54 тэрбум төгрөгөөр яндангийн шүүлтүүр тавих эсэхийг МАН-ын бүлэг шийднэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр дахин хуралдаж 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр товложээ. Хурлыг өнөөдрийн 15 цагт товлосон ч Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан төсвийн ажлын хэсгийн хуралдаан одоо болтол үргэлжилж байгаа аж.  

Тус намын бүлэг өчигдөр бүтэн өдөр энэ асуудлаар хуралдсан ч эцсийн “тохиролцоонд” хүрээгүй. Учир нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөвт суулгасан 154 тэрбум төгрөгийн асуудал маргаан дагуулаад байгаа аж. 

Тодруулбал, Засгийн газраас яндангийн шүүлтүүр буюу бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмжийг 100 мянган айлын янданд суурилуулахад зориулж 54 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл намын бүлэг дээр энэ асуудлыг зарим гишүүн шүүмжилсэн байна. Тэр дундаа МАН-ын бүлгийн төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол энэ асуудлыг нэлээд эсэргүүцсэн аж. Тиймээс яндангийн шүүлтүүрт төсөвлөсөн 54 тэрбум төгрөгийг хасч, агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсвийг 100 орчим тэрбум төгрөг болгох бололтой

Энэ асуудлаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодруулахад “Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй. Үүнийг бүлгээс асуу” гэсэн хариулт өгөв.  

Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг өнөөдөр Байнгын хороодоор хэлэлцэгдэж байгаа. Хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан нэмж хасах саналуудыг нэгтгэсэнээр төсөв үндсэндээ тэр хэвээр батлагддаг. Тиймээс төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээс өмнө МАН-ын бүлэг ийнхүү дотроо “тохиролцох” гэж байна.