Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Араб сэтгүүлчийн хувцсыг өмссөн хүн консулын газраас гарч явсныг илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Истанбул дахь Саудын Арабын консулын газарт очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггийн хувцсыг өмссөн хүний дүрс бичлэгийг CNN болон Туркийн хэвлэл өчигдөр дэлгэжээ.

Хяналтын камерт үлдсэн дүрснээс харвал Хашоггитай адилхан нэгэн эрэгтэй консулын газраас гарч таксинд суугаад Султан Ахмедын сүмд очсон байна. Сураггүй болсон сэтгүүлчтэй андуурмаар адилхан энэ эрэгтэй Истанбулын хөл хөдөлгөөн ихтэй газруудаар зориуд явж, хяналтын камерны бичлэгт дүрсээ үлдээжээ.

Гэхдээ түүний гутал нь Хашоггийн өмссөнтэй зөрж байсан тул энэхүү ажиллагаа амжилтгүй болсон гэж Туркийн хэвлэлд мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл Саудын Арабын тал эхлээд сэтгүүлч Хашоггиг консулын газраас гарч явсныг батлах зохиомол баримтыг ийм аргаар бэлдэж, тараахаар зэхэж байжээ.

Гэвч бичлэгт алдаа гарсан тул энэхүү төлөвлөгөөгөө орхисон байна.

Сэтгүүлчийн дүрд орлон тоглосон хүн нь Саудын Арабаас илгээсэн гэгдэж байгаа 15 хүний нэг гэнэ. Тэр Хашоггиг аравдугаар сарын 2-нд консулын газарт ирэхээс хэдэн цагийн өмнө өөр хувцастай мөн консулын газарт ирж байжээ.

Саудын Арабын эрх баригчид өнгөрсөн Баасан гарагт анх удаа мэдэгдэл хийхдээ Жамал Хашоггиг консулын газарт албаныхантай маргалдаж, гар зөрүүлэх үеэр амиа алдсан гэж тайлбарласан юм.

Харин Туркийн тал уг аллагыг Саудын Арабаас зохион байгуулсан гэж үзэж байгаа. Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өнөөдөр болох эрх баригч намын хурал дээр Хашоггийн аллагын талаар бүх үнэнийг дэлгэхээ мэдэгдээд байна.

Өнөөдөр Саудын Арабт “Цөлийн Давос” гэгддэг олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган эхэлж байгаа. Гэхдээ сэтгүүлч Хашоггийн аллагатай холбоотойгоор зарим хөрөнгө оруулагчид, албаны хүмүүс энэ удаагийн чуулганд оролцохгүйгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN