Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын өдүүлсэн худалдааны дайны эсрэг Хятад, Япон улсууд нэгдсэн фронт байгуулна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Японы ерөнхий сайд Шинзо Абэ Бээжинд гурван өдрийн айлчлал хийхдээ 500 орчим бизнесмэн дагуулж явахаар болжээ.

Пүрэв гарагт эхлэх Абэгийн айлчлал 2012 оноос хойш муудаад байгаа хоёр орны харилцааг буцаан сэргээж, АНУ-ын дэгдээсэн худалдааны дайны эсрэг нэгдсэн фронт болж ажиллах зорилгыг агуулж байгааг өнөөдөр Токиогийн эх сурвалж мэдээлсэн байна.

Хятад улс бол Японы хамгийн том худалдааны түнш бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын $250 тэрбумын бараанд өндөр татвар ноогдуулсны дараа ач холбогдол нь улам нэмэгдсэн юм.

Үүнээс гадна Хойд Солонгосын асуудлаар хэл амаа ололцох нь Токио-Бээжингийн удирдагчдын хувьд чухал зорилго болж байна.

Энэ долоо хоногийн айлчлал сүүлийн долоон жилийн хугацаанд Японы ерөнхий сайдын Бээжинд хийж буй анхны албан ёсны айлчлал болж байгаа юм.

2012 онд хоёр орны дунд маргаантай байдаг арлуудыг Япон улс иргэддээ өмчлүүлснээр харилцаа муудсан байна. Үүний улмаас Японы компаниудын хөрөнгө оруулалт, Японоос ирэх жуулчдын тоо эрс буурч, Хятадын харуулын хөлөг онгоцнууд маргаантай арлуудын орчимд тогтмол эргүүл хийх болсон.

Гэвч өнгөрсөн тавдугаар сард Хятадын ерөнхий сайд Ли Кэчянь Токиод айлчилснаар хоёр орны харилцаа сэргэх замдаа орсон юм. Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин ойрын хугацаанд Японд айлчлах төлөвтэй байгаа.

Япон улс одоо Хятадтай жилд $300 тэрбум орчмын худалдаа хийдэг.

 

Эх сурвалж: Associated Press