Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Оростой байгуулсан цөмийн зэвсгийн гэрээнээс АНУ гарна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ нь ОХУ-тай байгуулсан Дунд Тусгалын Цөмийн Зэвсгийн Гэрээнээсээ гарна гэж Дональд Трамп саяхан мэдэгджээ.

1987 онд ЗХУ-ын үед байгуулж байсан энэ гэрээг Москвагийн эрх баригчид зөрчиж байгаа тул ингэх болсноо тэр тайлбарласан юм. Гэхдээ яг хэрхэн зөрчсөн талаар мэдэгдээгүй байна.

Трамп ОХУ, Хятад улсуудтай шинэчилсэн нөхцлөөр гэрээ байгуулах хүсэлтэйгээ хэлсэн юм. “Бид гэрээг дуусгаад шинэ гэрээ хийгдэхгүй бол зэвсэг бүтээх ажлаа эхэлнэ” гэж тэр хэлсэн байна.

Одоогийн гэрээ нь АНУ болон түүний холбоотнуудыг Европ, Алс Дорнодод Оросын цөмийн довтолгооноос хамгаалах үүрэгтэй юм. Тухайлбал зүүн Европын орнууд, Аляскад ойрын зайнаас цөмийн цохилт өгөх боломжийг хаадаг.

Гэрээ ёсоор АНУ, ОХУ улсууд 300-3,400 миль тусгалтай газар-газар ангиллын далавчит пуужинг хадгалах, үйлдвэрлэх, турших хориотой.

Трамп энэ мэдэгдлээ Бямба гарагт Невадад болсон сонгуулийн сурталчилгааны үеэр хийсэн. Тэр өдөр нь Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон ОХУ, Азербайжан, Армени, Гүрж улсуудыг зорьсон байна.

Цөмийн зэвсгийн гэрээг ОХУ зөрчиж байгаа тул гэрээнээс гарах хэрэгтэйг Вашингтонд хамгийн их ятгаж байгаа хүнийг Болтон гэж эх сурвалжууд мэдээлдэг.

 

Эх сурвалж: Independent