Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Гондурасын дүрвэгчдийн нүүдлийг зогсоох бүх арга хэмжээг авснаа Трамп мэдэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улс орныг нь чиглэн яваа Гондурасын олон мянган дүрвэгчийн нүүдлийг зогсоохын тулд боломжтой бүх арга хэмжээг авч байгаагаа зарлажээ.

“Манай өмнөд хилийг чиглэн ирж яваа хууль бус гадаадын иргэдийг зогсоохын тулд бүх арга хэмжээг авч байна. Тэд эхлээд Мексикт байхдаа орогнох хүсэлтээ гаргах ёстой. Хэрвээ ингээгүй бол бид АНУ-ын хилээс шууд буцаана” хэмээн тэр твиттер хуудсандаа бичсэн байна.

Трамп бас ийм нүүдэл үүсэхэд Ардчилсан Намын бодлого буруутай гээд цагаачлалын хуулийг шинэчлэх шаардлагатай байгааг мэдэгджээ.

Гондурасаас гарсан 5,000 орчим дүрвэгчийн явган цуваа Гватемалыг нэвтэрч, өнгөрсөн амралтын өдрөөр Мексикийн хилийг давсан юм.

Тэдний эцсийн зогсоол АНУ. Трамп цувааг зогсоох арга хэмжээ авахгүй бол тусламжаа зогсооно, худалдаагаа хязгаарлана хэмээн Гватемал, Мексикийн эрх баригчдад анхааруулж байв.

Гэвч бөөнөөрөө хилээр дайран орж байгаа олон мянган хүнийг тогтооход хэцүү байгаа юм. Ням гарагийн өглөө Мексик-Гватемалын хилийг давсан 5,000 орчим Гондурас дүрвэгч АНУ-ыг чиглэн хөдөлсөн байна.

Мексикийн иргэд Гондурасчуудад ус, хүнс, хувцасаар тусалж, зарим нь ачааны машинаараа тээвэрлэж өгч байгаа гэнэ. Тэд “Өнөөдөр бид тэдэнд тусалж байна. Маргааш бидний ээлж ирж болно” хэмээн энэ үйлдлээ тайлбарлаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP