Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Араб сэтгүүлчийн аллагын тухай нүцгэн үнэнийг Туркийн ерөнхийлөгч маргааш дэлгэнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган Саудын Арабын сэтгүүлчийн аллагын талаарх бүх мэдээллийг ил болгох шаардлагатай байгааг мэдэгджээ.

Тэрээр утсаар ярихынхаа өмнө “Нүцгэн үнэнийг бүхлээр нь дэлгэснээр шударга ёсыг бид тогтоох болно. Энэ бол энгийн хэрэг биш. Би Мягмар гарагт AK намын парламентын бүлгийн хурал дээр чухал мэдэгдэл хийх болно. Хэргийн талаар мэдээллийг бүхэлд нь ил болгоно” хэмээн Сабах сонинд ярьсан юм.

Аравдугаар сарын 2-нд Истанбул дахь консулын газарт очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггийг Туркийн тал зэрлэгээр алагдсан гэж дүгнэж байгаа бол Саудын Арабын эрх баригчид үгүйсгэж байгаа.

Өнгөрсөн Баасан гарагт Саудын тал анх удаагаа сэтгүүлчийг амиа алдсаныг зарласан ба шалтгааныг нь консулынхантай үүсгэсэн маргаан, зодооны улмаас золгүй байдлаар амь үрэгдсэн гэж тайлбарласан юм. Улмаар энэ хэрэгтэй холбогдуулан 18 хүнийг баривчилж, тагнуулын ерөнхий газрын дэд даргаа ажлаас нь чөлөөлснийг мэдэгдсэн.

Ням гарагт тус улсын гадаад хэргийн сайд Адел Аль Жубейр сэтгүүлч хэрхэн алагдсан, цогцос нь хаана байгааг Саудын эрх баригчид одоог хүртэл мэдэхгүй байгааг хэвлэлд ярьжээ.

Ням гарагт бас Британи, Герман, Франц улсууд сэтгүүлч Хашоггийн аллагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Саудын Арабаас шаардсан мэдэгдэл гаргаад байна.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлч алагдсаныг Саудын Арабын тал хүлээн зөвшөөрсөн явдлыг хэргийг илрүүлэхэд “ахиц, дэвшил” гарлаа хэмээн сайшаасан юм.

 

Эх сурвалж: Russia Today