Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Буд гарагийг судлах хүн төрөлхтний гурав дахь сансрын аялал эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт манай нарны аймгийн нэг гишүүн Буд гарагийг судлах зорилготой Европ, Японы хоёр станц дэлхийгээс хамтдаа хөөрлөө.

Нийт 3 тэрбум еврогийн зардалтай станцууд долоон жил аялсны дараа наранд хамгийн ойр байдаг Буд гарагийн тойрог замд хүрч, судалгааны ажлаа эхлэх юм.

Хүн төрөлхтөн Буд гараг руу гурав дахь удаагаа элчээ илгээж байгаа нь энэ. Өмнөх хоёр станцыг 1970, 2010 оны үед Америкчууд хөөргөж байсан бол энэ удаа Европ, Японы судлаачид анх удаа судалгааны станцаа илгээж байна.

Энэ удаагийн төслийг BepiColombo гэж нэрлэсэн нь Буд гарагийн анхны аялалын тооцоог хийсэн Италийн математикч Жьюзепппе Бэпи Коломбогийн нэр юм.

Европ, Японы станцуудыг хамтад нь Ariane пуужинд тээвэрлэн Өмнөд Америкаас хөөргөжээ. Буд гараг нь нарны аймгийн олон нууцыг агуулсан биет гэгддэг.

Тухайлбал энэ гарагийн массын 60 хувийг түүний цөм болсон төмөр бүрдүүлдэг бол гадна чулуулаг давхарга нь харьцангүй нимгэн байдаг юм.

Будыг яагаад ийм онцгой сонин бүтэцтэй болсныг судалснаар нийт нарны аймгийн үүслийг ойлгоход хэрэгтэй ажээ. Уг нь Буд руу хэдхэн сарын хугацаанд хүрэх боломжтой ч наранд ойрхон байдаг тул нарны татах хүчинд дийлдэж, Буд гарагийн тойрог замд үлдэхэд хэцүү ажээ.

Тиймээс алсуур аялж явсаар долоон жилийн дараа Будын ойролцоо хүрэх нь хамгийн найдвартай зам болж байгаа гэнэ.

Эрдэмтэд Буд гарагийг эхэндээ нарнаас алс зайтай байснаа сүүлд ямар нэг биеттэй мөргөлдсөний үр дүнд одоогийн байрлалдаа ирж тогтсон гэж үздэг. Энэ удаагийн станцууд Будын гадаргад хамгийн ойр байрлаж, судалгаа явуулах тул илүү нарийн мэдээлэл олж авах боломжтой байх гэнэ.

Буд гараг нь наранд хамгийн ойр байдаг, 4,880 км диаметртэй, гадаргын температур нь Цельсийн -180-аас +450 xэм, дэлхий дээрх 88 хоногийн хугацаанд нарыг бүтэн тойрдог юм.

 

Эх сурвалж: BBC