Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлчийн аллагын талаар Саудын Арабын тайлбарт Европчууд эгдүүцэж, АНУ талархав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Сэтгүүлч Жамал Хашогги хэрхэн амиа алдсан талаар шалгалтын урьдчилсан дүгнэлтээ Саудын Арабын эрх баригчид Баасан гарагт зарласан билээ. Тэдний дүгнэлтэд сэтгүүлч Истанбул дахь консулын газарт ирээд албаны хүмүүстэй маргалдаж, гар зөрүүлэх үеэр золгүй байдлаар амь үрэгдсэн гэжээ.

Герман, Франц, Европын Холбооны удирдагчид Саудын Арабын энэхүү дүгнэлтэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай байгааг Бямба гарагт мэдэгдсэн байна.

Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Драйн Саудын тал сэтгүүлч амиа алдсаныг хүлээн зөвшөөрсөн нь үнэн мөнийг тогтоох эхний алхам мөн боловч олон асуултын хариу бүрхэг хэвээр байна гэжээ.

Германы канцлерь Ангела Меркель, гадаад хэргийн сайд Хэйко Маас нар “Истанбулын консулын газарт болсон хэрэг явдлын талаар мэдээлэл хангалттай биш байна” гээд илүү нээлттэй, дэлгэрэнгүй мэдээлэл шаардаж байгаагаа илэрхийлсэн байна.

Хэйко Маас сэтгүүлчийн амиа алдсан хэргийг бүрэн шалгаж дуусах хүртэл Саудын Арабт Германаас зэвсэг нийлүүлэхгүй гэдгийг мэдэгджээ.

Гэвч Европчуудыг ийнхүү сэтгэл дундуур байгаагаа Саудын Арабын эрх баригчдад мэдэгдэж байх хооронд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэднээс эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Саудын засгийн газрын дүгнэлтэд сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн Трамп уг асуудлыг цаашид хэрхэн шийдэх талаар Конгресстой хамтран ажиллахаа амлажээ.

Тэрээр Саудын Арабт зэвсэг нийлүүлэх $450 тэрбумын гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлтэйгээ дахин дахин илэрхийлж, ингэх нь АНУ-д мөнгө, ажлын байр бий болгох чухал ач холбогдолтойг мэдэгдсээр байна.

Аравдугаар сарын 2-нд Истанбул дахь консулын байранд очоод сураггүй болсон Жамал Хашоггийг Саудын Арабаас илгээсэн алуурчдын багт зэрлэгээр алагдсан гэж Туркийн албаныхан дүгнэж байгаа.

Саудын Арабын эрх баригчид уг дүгнэлтийг Баасан гараг хүртэл няцааж байсан юм. Тэд сэтгүүлч золгүй байдлаар амиа алдсан гэж тайлбарлаад уг хэрэгтэй холбоотой 18 хүнийг баривчилснаа зарласан байна.

 

Эх сурвалж: Russia Today