Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол биеэ үнэлэгчдээр үйлчлүүлж байсан АНУ-ын тэнгисийн хүчний командлагч шүүхээс ял сонсжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэнгисийн цэргийн командлагч асан Трой Амундсонд 30 сар шоронд хоригдох, үргэлжлүүлэн 3 жил тэнсэн харгалзах ял эдлэх, $10,000-ын торгууль төлөх, бусдаас авсан $21,625-ын хээл хахуулийг буцааж төлөх зэрэг шийтгэлийг Баасан гарагт Калифорни мужийн өмнөд тойргийн шүүхээс оноожээ.

Түүнийг Номхон далайн флотод алба хааж байх хугацаандаа Сингапурын Glenn Defence Marine Asia (GDMA) хувийн компаниас хээл хахууль, авлига авч хариуд нь армид эд материал нийлүүлэх олон саяын дүнтэй гэрээ байгуулах эрх олж авахад нь тусалдаг байсныг тогтоосон юм.

Одоо 50 настай Амундсон арав орчим жилийн хугацаанд тус компаниас зөвхөн мөнгө аваад зогсохгүй тансаглал, зугаа цэнгээний зардлаа даалгаж, биеэ үнэлэгчдээр үйлчлүүлдэг байсан нь тогтоогджээ.

Тухайлбал Амундсон өөрийн болон бусад офицеруудынхаа үнэтэй дарс, зоог, унаа, үдэшлэг, аялал зугаалга, биеэ үнэлэгчдийн зардлыг GDMA компаниар төлүүлснийхээ хариуд армийн бэлтгэн нийлүүлэлттэй холбоотой нууц мэдээ материалыг дамжуулдаг байсан юм.

Өчигдөр АНУ-ын хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлд Амундсоны GDMA компанийн захирал Леонард Глэн Фрэнсист илгээсэн нэгэн имэйлийг жишээ болгон дурджээ. Тус захидлыг илгээснийхээ дараа Амундсон Монголоос ирсэн хэд хэдэн биеэ үнэлэгчдээр үйлчлүүлж байсныг тус мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Амундсоны буруутайг 2015 онд тогтоож, өнгөрсөн хугацаанд уг хэрэгт холбогдолтой 33 хүнийг шалгаж, зохих шийтгэлийг оноожээ.

 

Эх сурвалж: Justice.gov