Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк улс төрчидтэй хэл амаа ололцохын тулд Британий шадар сайд асан хүнийг ажилд авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Их Британий засгийн газарт шадар сайдын албыг хашиж байсан Сэр Ник Клэгийг Фэйсбүүк компани гадаад бодлогын тэргүүнээрээ ажилд авчээ.

Улс төрийн дарамт шахалт, хуурамч мэдээний тархалт, хувийн мэдээллийн аюулгүй байдал, төр засгийн зохицуулалт зэрэг Фэйсбүүкт тулгараад байгаа олон асуудлыг зохицуулах ажлыг 51 настай Клэг хариуцах юм байна.

Тэрээр ирэх оны нэгдүгээр сард Британиас Цахиурын Хөндийд нүүн суурьшихаар болжээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг Британий улс төрчдөөс хэн нэгнийг компанийнхаа топ албан тушаалд томилох гэж байна гэсэн яриа тараад байв.

Британий Либерал Ардчилсан намын тэргүүн байхаа Консерватив намын Дэвид Камеронтой эвсэж засгийн газар байгуулан 2010-2015 онд засгийн газрын шадар сайдын албыг хашсан нь Ник Клэгийн хувьд улс төрийн оргил үе нь байсан юм.

Тэр 2017 оны сонгуулиар парламент дахь суудлаа алдаж байжээ.

Клэг өмнө нь Фэйсбүүкийг шүүмжилсэн мэдэгдэл хэд хэдэн удаа хийж байсан. Тиймээс гэнэт үзэл бодлоо өөрчилж, шүүмжилдэг байсан компанийнхаа талд ажиллахаар болсон нь Британичуудын дунд маргаан дэгдээсэн байна.

Клэг нь Фэйсбүүк компанийн гадаад бодлого, гадаад харилцааг хариуцсан дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдож байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian