Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Панасоник хүнийг “ажлын морь” болгох төхөөрөмжийг туршиж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нээлттэй, нийтийн ажлын байранд олуулаа зэрэгцэн ажилладаг хүмүүсийн анхаарал төвлөрөх боломж тааруу байдаг гэдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх төхөөрөмжийг Японы Панасоник компани бүтээжээ.

Тус компанийн Future of Life дизайны студи хүнийг хүрээлэн байгаа орчноосоо тусгаарлагдаж, ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэхэд туслах Wear Space нэртэй төхөөрөмжийг зохион бүтээсэн байна.

Толгойдоо өмсдөг энэ төхөөрөмж нь хүний нүдний харах өнцгийг хязгаарлаж, зөвхөн урд байгаа зүйлдээ төвлөрөх боломж олгодог. Мөн утасгүй чихэвч нь орчны дуу чимээг бүрэн хааж өгдөг байна.

Wear Space бүтээгдэхүүний туршилтын загварыг кроудфандинг сайтаар хүссэн хүмүүс захиалах боломжтой. Хэрвээ энэ захиалга хангалттай тоонд хүрч, хэрэглэгчдийн үнэлэмж сайн байвал Панасоник компани ирэх онд бөөний үйлдвэрлэлд шилжүүлэх ажээ.

Wear Space нь уралдааны моринд зүүдэг нүдний халхавчтай адилхан байгааг зарим мэргэжилтнүүд хэлж байна. Морьдыг өөр зүйлд анхаарал сарниж, хурд нь саарахаас сэргийлж, зөвхөн урд замаа харах халхавчийг зүүж өгдөг ажээ.

 

Тиймээс шинэ төхөөрөмж нь хүнийг “ажлын морь” болгох зориулалттай гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа юм.

Эх сурвалж: Quartz, Japan Times