Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Раднаасэд: Дубайн гэрээг Улаанбаатарын гэрээ болгоно гэдэг байр суурьтай байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар М.Оюунчимэг нарын гишүүдийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 
Эдийн засгийн байнгын хороогоор дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд, ижил агуулгатай учир ажлын хэсэг дээр хоёр хуулийг нэгтгэх талаар гишүүд санал хэлж байсан юм. 

Уг хуулийн гол агуулга нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай компаниудын дансыг Монголбанканд байршуулах тухай юм. Ингэснээр гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, бүртгэлийн системийн сайжруулах, бодит нөхцөлөөр татвар тогтоох зэрэг ач холбогдолтой болохыг хууль санаачлагчид тайлбарласан. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь М.Оюунчимэг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн нарын хэлсэн саналын хүргэж байна.  

Ш.Раднаасэд: Оюутолгойн хөрөнгө оруулалтын мөнгө Монголын банкаар дамжих ёстойг бүх гишүүд дэмжих байх. Ажлын хэсгийн гишүүдээс мэдээлэл сонсоход өмнө нь Монголбанкан дээр данс байсан юм байна. Гэтэл татварын байцаагч нар дансыг нь хааснаас болж мөнгө төгрөгний гацаа үүсэж хаасан гэсэн мэдээлэл яваад байгаа. Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлт удахгүй орж ирэх байх. Монгол Улсын Их Хурал Дубайн гэрээг Улаанбаатарын гэрээ болгоно гэдэг байр суурьтай байна.

Тэгэхгүй бол өнөөдөр гэрээ ч юм шиг төлөвлөгөө ч юм шиг нэг юм болгоод хаячихсан. Ашигаа авч чадах ч юм шиг чадахгүй ч юм шиг байдал руу оруулчихсан. Олон түмэнд үр ашиг багатай, хор хөнөөл тарьсан энэ бичиг баримтаас болоод Монголын ард түмэн ашигаа авч чадахгүй байна. Гадны хөрөнгө оруулалттай холбоотой асуудал дээр хуулийн зохицуулалтаа гарах гарцгүй нарийн сайн болгож өгөх хэрэгтэй.  

Ц.Даваасүрэн: Оюутолгой мөнгөө гадуур дамжуулаад байгааг дэмжихгүй байгаа. Өмнө нь хууль санаачлаад УИХ 100 хувь дэмжээд Оюутолгойн мөнгийг Монголын банкны дансаар дамжуулдаг больё гэдэг шийдвэр гаргасан. Төв банкны биш Монголын банкаар дамжуулах. Манайхан хямд хүүтэй зээлийн үүсвэрийн тухай их ярьдаг. Үүнийг захиргаадлаар шийдэж чадахгүй. Гадны хямд хүүтэй, хямд эх үүсвэртэй банкуудийг оруулж байж шийднэ. Тэр банкуудыг бид захиргаадаад оруулж ирж чадахгүй. Тэд ашиг хөөж орж ирнэ.

Оюутолгой, Тамсагийн ордын том мөнгүүд Монголын татварын дансаар дамждаг болсон тохиолдолд гадны банкууд өөрөө ороод ирнэ. Оюутолгойн төсөл яригдаж байх үед нэлээн том банкны групп Монголд оруулж ирэх судалгаа хийж байсан.

Хамгийн гол нь Төв банкаар дамжуулна гэвэл гадны банк орж ирэхгүй. Гадны хямд эх үүсвэрийг оруулж ирэх бол Монгол Улсад байршилтай арилжааны банкаар татварын данс нээгээд мөнгөө дамжуулна гэвэл гадны банк том компаниудаа дагаад ороод ирнэ.