Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаагаа мэдэгдэв

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт ойд зориулсан “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолт, баярын хурал боллоо.

 

Монголын хүүхдийн ордны захирал Б.ЦэнгэлмааМонголын хүүхдийн ордон нэгэн жарны хугацаанд 130 мянга гаруй хүүхдийг элсүүлэн төгсгөсөн. 60 жилийн хугацаанд бид бүхний дундаас төрөн гарсан урлаг, соёл, спорт, нийгмийн алдартнуудыг тоолж барамгүй билээ.

Өнөөдөр ордны маань сурагчид ОУ-ын хүүхдийн урлагийн их наадмуудад амжилттай оролцож байгаа нь үндэсний урлаг, соёлыг гадаад орнуудад сурталчлан таниулж буй явдал юм.

Хүүхдүүдийнхээ авъяас, оюун билгийг нээн олж, төгөлдөржүүлэн хөгжүүлэх, тэднийгээ аминчлан хамгаалах нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын байгууллага цаашлаад төр засгийн үүрэг юм” хэмээлээ.

Засгийн газраас хүүхдийн ордны засвар үйлчилгээ, техник хэрэгслийн шинэчлэлд зориулж 200 сая төгрөг дэмжлэг үзүүлж байгаа

 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, үг хэлсэн юм. Тэрбээр “Эх орны маань ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачуудын авъяас, оюун билгийг нээн хөгжүүлж, нийгмийн идэвхитэй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын хүүхдийн ордны багш, ажилчид, сурган хүмүүжүүлэгчиддээ баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье. Засгийн газраас хүүхдийн ордны засвар үйлчилгээ, техник хэрэгслийн шинэчлэлд зориулж 200 сая төгрөг дэмжлэг үзүүлж байгаа энд тодотгон хэлэхийг хүсч байна. Хүүхдийн ордны үйл ажиллагаа, сайн сайхны төлөө Ерөнхий сайдын хувьд, эцэг хүний хувьд анхаарал тавин ажиллах болно” хэмээв.

Монголын хүүхдийн ордонд жил тутам 4,500 хүүхэд 32 дугуйланд хамрагддаг байна. Мөн Монголын хүүхдийн ордон сургалтын цар хүрээ, чиглэлээ өргөжүүлэн Япон улс, Ротари ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр математик тооцоолол, физик үзэгдэл, химийн төлөв, биологийн орчин зэргийг нэгтгэн дүгнэх шинжлэх ухааны лаборатори ангийг нээн хичээллүүлж байгаа юм байна.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, болон хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид болон хүүхдийн ордноос төрөн гарсан эрхэм алдартнууд хүрэлцэн ирсэн байв.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс